
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатартай Үндсэн хуулийн асуудлаар ярилцлаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэд, олон нийтийн оролцоог хангах ёстой талаар та нэг бус ярилцлагадаа онцолсон байна лээ.
Дэлхий, тэр дотроос бидний хувьд нэн шинэ, “зөвлөлдөх санал асуулга” гэх зүйлийн үр дүнд боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон даяар хэлэлцүүлээд байгаа. Үүгээр таны чухалчлаад буй оролцоог хангаж чадах уу?
-Ардчилсан нийгэмд ард түмнээс сонгогдсон парламент бүх нийтээр заавал дагаж мөрдөх хууль, шийдвэр баталдаг. Иргэд сонголтоороо дамжуулан шийдвэр гаргахад оролцож буй гэсэн санаа нь эл эрх мэдлийг хууль ёсны болгодог. Мөн төрийн бус байгууллага, тойргоосоо сонгогдсон гишүүдээрээ дамжуулан иргэд шийдвэр гаргахад шууд бусаар оролцох нь бий.
Тэгэхээр иргэдийн шууд болон шууд бус оролцоо гэдэг нь эрх мэдлийн эх сурвалж гэсэн үг. Ялангуяа иргэдийн эрх ашгийг хөндөх шийдвэрт тэдний оролцоо заавал байх ёстой.
шийдвэр илүү хүчтэй, хэрэгжих боломжтой байдаг. Тиймээс Монголын ард түмний ашиг сонирхлыг юу юунаас илүү хөндөж буй Үндсэн хуулийг өөрчлөхдөө аль болох олон иргэний оролцоог хангах нь төрийн үүрэг юм. Зөвлөлдөх санал асуулга бол оролцоог хангах олон аргын нэг нь. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнд боловсруулсан гэхээс илүүтэй төслийн саналаа тус асуулгад оролцсон иргэдэд танилцуулж, санал, дүгнэлтийг нь авсан хэмээвэл зөв байх.
Уг санал асуулгыг хэрхэн зохион байгуулсан, тараах материал, мэдээлэл хангалттай өгч чадсан уу, үр нөлөөтэй хэлэлцүүлэг болсон, эсэх зэрэг олон нөхцөлөөс үр дүн нь хамаардаг. Үр дүнтэй болсон байлаа ч зөвлөлдөх санал асуулгыг хязгаарлагдмал, цөөн хүний хүрээнд явуулдаг учраас нийт иргэний үзэл бодлыг төлөөлж чадахгүй. Санал асуулга, хэлэлцүүлгийн аль нь ч ялгаагүй. Гагцхүү тэдгээрийг хэлбэр төдий зохион байгуулсан уу, үр нөлөөтэй болж чадсан уу гэдэг л чухал. Судлаачийн хувьд эрдэмтдийн оролцсон хэд хэдэн хэлэлцүүлгийн үеэр нэг зүйл ажиглагдлаа.
Нэмэлт, өөрчлөлтийн талаар хүмүүс өөр өөрийнхөөрөө ярьж байна. Ийм байхад хэлэлцүүлгийг үр дүнтэй явуулах нөхцөл бүрдэхгүй. Энэ удаагийн төсөлд 20 гаруй зүйл, заалтыг өөрчлөх санал явж байгаа. Төрийн институцийн эрх мэдлийн хуваарилалт, засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, Ерөнхийлөгч, шинэ байгууллагууд гээд маш олон зохицуулалтыг нэг дор өөрчлөх гэж байгаа нь алдаа гаргах нөхцөл бүрдүүлж магадгүй. Нэг дор 24 зүйл заалт, түүн дотроо сайн судлагдаагүй шинэ зохицуулалтууд тусгасан учраас хэлэлцүүлэг болгон үр дүнтэй байгаа гэдэгт эргэлзэж буйгаа хэлье.
-Аймаг бүрт зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлгийн талаар янз бүрээр л ярих юм. “Аймаг, сумын ЗДТГ-т ажилладаг, дарга сэтэртэй хэдэн хүний саналыг сонссоноо ард түмнээс асуулаа гэж байна” хэмээн АН-ынхан шүүмжлэх маягтай.
Тэр ч бүү хэл анх зохион байгуулсан зөвлөлдөх санал асуулгыг ч өнөө хэр сайн, муу гэж ярилцах юм. Та ямар бодолтой байна вэ?
-Аймаг, сумдад зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцоогүй, нүдээр харж, чихээр сонсоогүй тул тоймтой хэлэх зүйл алга. Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулсан нь муу хэрэг биш. Хийж чадвал хэрэгтэй механизм. Бид нэг шинэлэг механизм туршиж үзлээ. Төгс зүйл биш, сул тал ч бий. Алдсан зүйл байвал суралцах ёстой. Гэхдээ зөвлөлдөх санал асуулга явуулсан нь ард түмнээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах “виз” авсан гэсэн үг биш.
-Сая олон нийтэд танилцуулсан төслийг та тогтож харав уу. Тийм бол хэр санагдав. Авчихмаар болон гээчихмээр зүйл юу байсан талаар хэлж болох уу?
-Танилцсан. Монгол төрийн тулгуур, суурь болсон Үндсэн хуульд нэг дор олон өөрчлөлт оруулах нь зарчмын хувьд буруу. Мэдээж сайжруулсан зүйл цөөнгүй бий. Тухайлбал, Ерөнхий сайд Засгийн газраа бүрдүүлж, танхимаараа хариуцлага хүлээдэг тогтолцоонд шилжих нь гүйцэтгэх засаглал нь фракц, бүлгүүдэд барьцаалагддаггүй, мэргэшсэн байхад нөлөөлөх болов уу.
Сонгуулийн тогтолцоотой холбоотой болон УИХ улсын төсвийн хүрээнд зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, парламентын ээлжит чуулган хуралдах хугацааг өөрчлөх зэрэг зүйл, заалтыг авч болохуйц гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт Цэцийн хяналтаас гадуур байж болохгүй. Төрийн хяналтын байгууллага гэж маш өргөн эрх мэдэлтэй бүтэц шинээр бий болгохоор тусгасан байна лээ. Эл байгууллага яаж хараат бус байх вэ. Зарим улсад ийм байгууллага төрийн эрх мэдэлтний дур зоргод үйлчилж байна гэсэн шүүмжлэл байдаг.
Түүгээр чухам ямар асуудал шийдэх юм, одоогийн хяналтын механизмын алдаа, дутагдал нь хаана байна, Хүний эрхийн үндэсний комисс, аудитын байгууллага, АТГ зэргээс ямар ялгаатай байх вэ, Үндсэн хуульд заалт оруулснаар асуудал нь шийдэгдэх үү, ердийн хуулиар зохицуулж болохгүй юу гэх зэрэг олон асуулт гарч ирж байна. Харин эдгээрт үндэслэлтэй хариулт өгсөн судалгаа, мэдээлэл одоогоор би олж уншаагүй байна.
Мөн төрийн албаны төв байгууллагатай болсноор мэргэшсэн, тогтвортой, шатлан дэвших зарчим үйлчлэх үү, шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгаа албан тушаалтан төрийн албаны төв байгууллагын үгэнд орох уу. Төрийн албыг улс төрөөс хараат бус байлгахыг Монголын эрх ашгийг боддог хүн бүр дэмжинэ. Харин ердийн хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байгаа албан тушаалтан Үндсэн хуульд заалт орууллаа гээд биелүүлэх болов уу.
-Үнэмлэхүй олонх болсон МАН Засгийн газраа унагачихлаа шүү дээ.
-Засгийн газар эрх мэдлийн институцийн хувьд илүү хариуцлагатай, тогтвортой ажиллах эрх зүйн тогтолцоог сайжруулж болно. Гэхдээ хариуцлагын тогтолцоо олон талтай. Бие даасан шүүх, Үндсэн хуулийн хяналт, улс төрийн нам, ардчиллын үнэт зүйлсийн төлөвшил, иргэний нийгмийн хяналт гээд олон зүйлээс хамааралтай.
-Ерөнхийдөө парламентын засаглалаа бэхжүүлэх чиглэлд төслөө зангидсан талаар боловсруулсан хүмүүс нь хэлж байгаа. Ингэхийн тулд Ерөнхийлөгчийн зарим эрх мэдэл, тухайлбал, хууль санаачлах, зарим салбар, тэр дундаа шүүх эрх мэдлийн хүрээнд хийдэг томилгоог нь хязгаарлаж, бэлгэдлийн шинж чанартай болгохоор тусгасан нь бас л яриа, хөөрөө дагуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зарим талаар хязгаарлахыг та судлаачийн хувьд хэрхэн үзэж байна вэ?
-“Ерөнхийлөгч бол Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэж Үндсэн хуульд чиг үүргийг нь тодорхой тусгасан. Манай улс парламентын засаглалтай гэхэд харьцангуй хүчирхэг Ерөнхийлөгчийн институцтэй. Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаар тусгасныг би дэмжиж байгаа.
Харин Улсын дээд шүүхийн шүүгчийн томилгоог үндсэндээ УИХ-д хариуцуулах заалтыг эргэж харах нь зүйтэй. Дээд шүүхийн шүүгч болохын тулд парламентын олонх, магадгүй тэндээс томилж, бүрдүүлсэн Засгийн газрын дэмжлэгийг авах шаардлагатай болох нь.
-Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй холбоотой заалтууд анхааралд илүүтэй өртөж байгаа нь сонгууль саяхан болсонтой бас холбоотой байх. Уг нь одоогийн төсөлд дараагийн Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх үеэс нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөөр тусгасан байгаа юм билээ. Энэ нь зүйтэй юү?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа аль нэг нам, бүлгийн ашиг сонирхлоор бус, монголчуудын нийтлэг ашиг сонирхлын үүднээс хандах учиртай. Тиймээс дараагийн УИХ, Ерөнхийлөгчийн үеэс дагаж мөрдөхөөр тусгасан нь зүйтэй.
-Магадгүй үнэмлэхүй олонхтой парламент Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихвал маргаан, шүүмжлэл дагалдах л байх. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй, тусгаар улсын иргэд олонхын алдаа, оноог ил тод шүүмжилж, тэр нь эрх баригчийн бодлогод нөлөөлж байвал эрүүл нийгмийн шинж юм. Нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа шүүмжлэл дагах нь мэдээж. Үүнээс өмнө ч шүүн хэлэлцэх боломж одоохондоо байна. Энэ хэлэлцүүлэг, шүүмж, мэтгэлцээн дундаас л иргэд өөрсдийн үнэнийг олж, зөв бурууг тунгаах учиртай.
Гагцхүү хангалттай хугацаа өгч, бодитой мэдээллээр хангах хэрэгтэй байна. Шүүж ярьсан иргэн бус, шүүмжлэлд өртсөн засаг төр, албан тушаалтан хариуцлага хүлээдэг, бодлогоо өөрчилдөг тогтолцоо л чухал.
-Аливаа улс Үндсэн хуульдаа тэр бүр гар хүрэх боломжгүй болгож, хамгаалах маягаар хууль баталсан байдаг. Манайд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж бий.
Энэ хуулийг тун хатуу гэж ярих юм билээ. Бусад улс орныхоос ч илүү хатуу байх тал байна уу?
-Японы Үндсэн хууль батлагдсанаас хойш 70 жилд ганц ч удаа нэмэлт, өөрчлөлт оруулаагүй байна. Олон жилийн өмнөөс ярьж буй нэг зүйл, заалтад 2020 он гэхэд нэмэлт, өөрчлөлт оруулах төлөвлөгөөтэй байгаа тухайгаа Ерөнхий сайд нь мэдэгдсэн. АНУ-ын Үндсэн хууль 200 жилд 27-хон нэмэлт, өөрчлөлт орсон гээд үзвэл нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйнх нь саналаар батлах манай улсын Үндсэн хуулийн шалгуур тийм хатуу биш юм.
Хатуу байхын тулд нэмэлт, өөрчлөлт оруулах шалгуур нь Үндсэн хуульдаа байх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд олон нэмэлт шалгуур байдаг ч энэ онд гэхэд хоёр ч удаа гар хүрээд байна шүү дээ. Ойрын хэдэн арван жилд бид 1992 оны Үндсэн хуулийнхаа үзэл санаа, чиг баримжааг алдчихгүй явж чадвал багахан алдаанаасаа ч суралцаж, Үндсэн хуульт ёс зохистой төлөвших боломжтой.