Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны зургадугаар сарын 25, долдугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан үзээд:
- Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах;
- Банкуудын гадаад валютын заавал байлгах нөөц (ЗБН)-ийн хувь хэмжээг 3 нэгж хувиар бууруулж, 15 хувьд хүргэх;
- Хэрэглээний зээлийн хувьд мөрдөгдөж буй макро зохистой бодлогын зохицуулалтад дараах өөрчлөлтийг оруулахаар болов.
Үүнд:
-
- Банкнаас иргэдэд шинээр олгох болон нөхцөл өөрчилсөн хэрэглээний зээлийн хувьд өр, орлогын харьцаа (ӨОХ)-ны дээд хязгаарыг 55 хувь болгож бууруулах,
- Банкнаас шинээр олгох амьжиргааны баталгаажих доод түвшнээс бага дүнтэй кредит картын зээлд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх,
- Тодорхой нөхцөлүүдийг хангасан дээд боловсролын сургалтын төлбөрийн зээлд ӨОХ-ны болон хугацааны хязгаарлалтыг мөрдүүлэхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөв өмнөхөөс сайжирсан хэдий ч геополитикийн нөхцөл байдал, улс орнуудын мөргөлдөөнтэй холбоотой суурь эрсдэлүүд хадгалагдсаар байна. Ийнхүү Мөнгөний бодлогын хороо инфляцад нөлөөлөх гадаад, дотоод орчны эрсдэл, цаашдын төлөвийг харгалзан бодлогын хүүг хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Олон улсад эрсдэлгүй хүүгийн түвшин өндөр хэвээр хадгалагдаж, гадаад валютын ЗБН-ийн шаардлага өндөр байгаа нь банкуудын эx үүсвэрийн зардлыг өсгөж байгаа тул банкуудын гадаад валютын татан төвлөрүүлсэн хөрөнгөнд тооцох ЗБН-ийн хувь хэмжээг бууруулна.
Мөн санхүүгийн системийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор шинээр олгох болон нөхцөл өөрчлөх хэрэглээний зээлийн ӨОХ-ны хязгаарлалтыг чангаруулахаар шийдвэрлэв. Гэхдээ нөөцийн үр дүнтэй хуваарилалт, санхүүгийн зах зээлийн хүртээмж, санхүүгийн бүтээгдэхүүний хөгжлийг дэмжих зорилгоор бага дүнтэй банкны кредит картын зээл, тодорхой нөхцөл шаардлага хангаж шинээр нэвтрүүлэх боловсролын зээл зэрэг зээлийн бүтээгдэхүүнд ӨОХ-ны хязгаарлалт мөрдүүлэхгүй байх шийдвэрийг тус тус гаргалаа.