Монголбанк нь банкны салбарын статистикаас иш татан банкуудын ААН*, иргэдэд олгосон ногоон зээлийг хүйсээр ангилсан 2022 болон 2023 оны мэдээллийг танилцуулж байна. Тодруулбал, банкуудын олгосон ногоон зээл 2023 оны байдлаар 6,277 зээлдэгчийн 800.5 тэрбум төгрөг байгаагийн 33.8% буюу 270.6 тэрбум төгрөг нь эмэгтэй зээлдэгчдэд олгогджээ. Үйл ажиллагааны салбарын хувьд зөвхөн ногоон барилгын салбарт эмэгтэй зээлдэгчид дийлэнх буюу салбарын зээлийн үлдэгдлийн 59.9% буюу 22.0 тэрбум төгрөг ногдож байна. Харин тогтвортой ХАА, газар ашиглалт, эко аялал жуулчлалын салбарт эрэгтэй зээлдэгчдэд хамгийн их 94% буюу 107.9 тэрбум төгрөг нь олгогджээ.
Ногоон зээлийн зээлдэгчдийн дансны хувьд 57% буюу 3,592 нь эрэгтэй зээлдэгчид байгаа ба бүх салбарт жигд дийлэнх хувийг эзэлж байна. Жишээлбэл, ногоон барилгын салбарын зээлийн үлдэгдлийн дийлэнх нь эмэгтэй зээлдэгчдэд олгогдсон боловч дансны тоогоор эрэгтэй зээлдэгчид илүү буюу 57%-ийг эзэлжээ.