УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон нам, эвслүүдийн санхүүгийн тайланд гурван шатны хяналт хийж дуусжээ. Нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан нам, эвслүүдэд төрөөс анх удаа санхүүжилт олгох гэж буй учраас ийнхүү нарийн хянаж шалгадаг болсон аж. Улмаар болзол хангасан долоон нам, эвслийнхэн энэ сард төрөөс санхүүжилтээ авах нь. Өмнө нь зөвхөн парламентад суудалтай намууд төлөөллийнхөө тоогоор мөнгө авдаг байсан. Тэгвэл энэ оноос эхлэн үүн дээр нэмээд дээрх болзлыг хангасан нам, эвслүүдэд мөнгө хуваарилна. Уг шаардлагыг УИХ-д суудалтай болсон таван нам, эвслээс гадна Шинэ нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв нам хангаад байна.
СЕХ өнгөрсөн долоо хоногт хуралдаж, эдгээр нам, эвсэлд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг хэлэлцсэн ч эцсийн шийдвэрээ гаргаагүй бололтой. Санхүүгийн тайланд хяналт хийсний дараа хоёр эвсэл, нэг намд олгох мөнгө дээд хэмжээнээсээ хасагдаж тооцогдохоор байгаа гэнэ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнгөрсөн сарын 1-нээс нэмэгдсэн. Тэгэхээр намуудад олгох санхүүжилт ч өөрч¬ лөгдөж мэдэх нь. СЕХ өнөөдөр хуралдаж, уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
НЭГ СОНГОГЧИЙН САНАЛ 5544 ТӨГРӨГ
Улс төрийн намын тухай хуулийн 27.1-т заасны дагуу нэг сонгогчийн саналыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлж тооцно. Өмнөх үнэлгээгээр энэ нь 3300 төгрөг болж байсан юм. Харин одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болсон тул нэг сонгогчийн санал 5544 төгрөгтэй тэнцэж байна. Түүнчлэн парламентад суудалтай намууд сонгогдсон гишүүн бүрийнхээ тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү мөнгө авна. Шинэ үнэлгээгээр энэ нь нэг гишүүнд 19.8 сая төгрөг болж, өмнөхөөс 3.3 сая төгрөгөөр нэмэгдэх нь. Уг өөрчлөлт болон санхүүгийн тайланг хянасны дараах дүгнэлттэй холбогдуулан намуудад олгох санхүүжилтийн хэмжээг хэрхэн шийдэх нь СЕХ-ны өнөөдрийн хурлаар тодорхой болох аж.
УИХ-ын сонгуулийн нэрийн жагсаалтад нийт 2 224 233 сонгогч бүртгэгдсэн билээ. Эдгээрээс МАН 35, АН 30.1, ХҮН нам 10.4, Үндэсний эвсэл болон Иргэний зориг ногоон нам тав, Шинэ нэгдсэн эвсэл 3.1, Үнэн ба зөв нам 1.8 хувийн санал авсан. Өмнөх тооцоогоор уг долоон намд нийт 7.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно гэж байсан юм. Улмаар МАН 2.8, АН 2.1 тэрбум, ХҮН нам 993, Үндэсний эвсэл 446, Иргэний зориг ногоон нам 455, Шинэ нэгдсэн эвсэл 312, Үнэн ба зөв нам 250 сая төгрөг тус тус авна хэмээн тооцсон. Тэгвэл одоо хөдөлмөрийн хөлсний доод үнэлгээтэй уялдуулан авах мөнгө нь нэмэгдэх бололтой. Санал авсан сонгогчийн болон сонгогдсон гишүүний тоогоор олгох уг санхүү¬ жилтийг нам, эвслүүдэд жил бүр өгөх юм.
Төрөөс олгох санхүүжилтийн өөр нэг хэлбэр бас бий. Тухайн нам, эвсэл нийт сонгогчийн нэг хувиас дээш санал аваагүй байж болох ч УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хүйсийн 30 хувийн квотоос давуулан эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлсэн бол төрөөс мөнгө авах боломжтой. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлсэн бол уг урамшууллыг хүртэнэ. Ингэхдээ нэр дэвшүүлсэн хүний тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх санхүүжилт авах юм. Эл болзлыг ХҮН нам ямартай ч хангасан байна. Тус нам тойрогт нийт 34 эмэгтэй нэр дэвшүүлсэн тул “илүү” 10 хүнийхээ тоогоор санхүүжилт авах нь.
ТАЙЛАНГАА ТАВЬЖ БАЙЖ ДАРАА ЖИЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭ АВНА
Манай улс 1996 оноос хойш парламентад суудалтай намуудад сонгогдсон гишүүнийх нь тоогоор санхүүжилт өгч эхэлсэн юм. Нэг гишүүний суудлыг эхлээд нэг, 2002 оноос 2.5, 2010 онд 10 сая төгрөгөөр тооцон мөнгө олгодог байлаа. Харин шинэ хуулиар энэ үнэлгээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдаж, өнөөдрийн байдлаар 19.8 сая төгрөг болсныг дээр дурдсан. Мөн намууд санхүүгийн тайлангаа гаргаж, танилцуулах үүргийг ч хуулиар хү¬ лээсээр ирсэн. Гэвч төрөөс тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг авдаг атлаа үүнийг юунд зарцуулсныг тайлагнадаг нам бараг байсангүй. Намын даргын халаас руу энэ мөнгө ордог гэсэн хардлага ч бий. Хуулиа мөрддөггүй тэдэнд тооцох хариуцлагын тогтолцоо ч бүрдээгүй байв. Тиймээс л Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулсан. Одоо үүнийг хэрэгжүүлэх ажил эхэлж буй нь энэ.
Шинэ хуулийн дагуу намууд жилд хоёр удаа санхүүгийн тайлан гаргаж, хянуулах юм. Хагас жилийн тайлангаа долоодугаар сарын 20, жилийн эцсийнхийг дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд хүргүүлэх ёстой. Үүний дагуу УИХ-ын сонгуульд оролцсон бүх нам, эвсэл тайлангаа хүргүүлж, түүнд нь гурван шатны хяналт хийсэн байна. Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 28 нь хуульд заасан үүргээ биелүүлжээ. Харин Монголын либерал, Монгол консерватив, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн, Хамуг Монголын хөдөлмөрийн, Монголын хүний төлөө, Тусгаар тогтнол, эв нэгдлийн, Монгол шинэчлэлт, Зүй ёс, Ардчилал шинэчлэлийн намууд санхүүгийн тайлангаа ирүүлсэнгүй. Эдгээрээс Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн хэмээх цаасан дээр л бүртгэлтэй нэг нам бий. Эл нам хэзээ ч сонгуульд оролцож байгаагүй. Одоо тэгвэл энэ мэт амьгүй намуудыг шинэ хуулиар цэгцэлнэ. Хоёр жил дараалж санхүүгийн тайлан өгөөгүй, сонгуульд оролцоогүй, удирдах дээд болон төлөөллийн байгууллагаа таван жилийн хугацаанд хуралдуулаагүй намуудыг идэвхгүйд тооцно. Улмаар сонгуульд оролцох эрхийг нь хасна. Мөн тухайн намын удирдах дээд байгууллагын болон Дээд шүүхийн шийдвэрээр татан буулгаж болох нь. Гэхдээ шинэ хуулийг эхний жилд хэрэгжүүлж буй учраас СЕХ “өгөөмөр” хандаж, санхүүгийн тайлан ирүүлээгүй намуудад хоёронтоо сануулга өгөөд, алдаагаа засахыг нь хүлээж буй гэнэ.
Төрөөс санхүүжилт авах болзол хангасан намуудын хувьд авсан мөнгөө дур зоргоор зарцуулах эрхгүй. Улс төрийн намын тухай хуульд төрөөс олгох дэмжлэгийг юунд зарцуулахыг нарийвчлан зааж, дараа нь энэ тухайгаа тайлагнаж байж ирэх жилийн мөнгөө авна хэмээн зохицуулжээ. Тайлангаа тавиагүй бол дараа жил мөнгийг нь олгохгүй. Тэгэхээр дураараа дургидаг, төрөөс авсан санхүүжилт хаашаа ч юм орчихдог байдлыг зогсооно гэж үзсэн байна. Дээрх долоон нам, эвсэл авах мөнгөнийхөө 20иос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нийгмийн бүлгийн улс төрийн оролцоог дэмжихэд зориулах үүрэгтэй. Мөн 15-аас доошгүй хувийг гишүүдийнхээ улс төрийн боловсролыг дээшлүүлж, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулахад зарцуулна. Нийт санхүүжилтийн гуравны нэгээс багагүйг намынхаа бодлогын судалгааны байгууллагын үйл ажиллагаанд зориулна. Үүнээс өөрөөр “үрсэн” байвал тухайн зардлыг төсөвт буцаан төвлөрүүлэх үүргийг СЕХ хүлээх аж. Мөн дараа жилийн санхүүжилтээс нь хасаж тооцох юм байна.
Улс төрийн нам нь төрийн дэмжлэгээс гадна гишүүний татвар, хандив, намын өөрийн хөрөнгө, түрээсийн орлого зэргээс санхүүгээ бүрдүүлдэг. Үүн дотроо хандив томоохон хувийг эзэлдэг. Гэхдээ нарийвчлан тогтоох боломж өмнө нь байгаагүй юм. Учир нь тэд санхүүгийн тайлангаа тавьдаггүй, эсвэл ил тод мэдээлдэггүй байлаа. Энэ санхүүгийн далд системийг ил болгож, намуудыг томоохон компаниудын хараат байдлаас гаргах нь шинэчлэн найруулсан хуулийн зорилго байв. Нийт орлогынх нь гол хувийг төрийн санхүүжилтээр бүрдүүлдэг болгох зам руу цаашид явна гэж буй. Хэдийгээр төрөөс олгох санхүүжилтийг тодорхой хувиар нэмсэн ч МАН, АН зэрэг намын хувьд энэ мөнгө нийт орлогод нь бараг нөлөө үзүүлэхгүй л болов уу. Гэхдээ сонгуульд оролцох эрхээ алдахгүйн тулд тэд хуулиа заавал мөрдөж, санхүүгээ тайлагнах үүрэгтэй. Тиймээс энэ жилээс эхлэн санхүүгийн тайлан, түүнд хийсэн хяналтаар дамжуулан намуудын нийт орлогын хэдэн хувь нь төрийн дэмжлэгээр, бас хандиваар бүрдэж буйг тодорхойлох боломжтой болох биз ээ. Мөн амьгүй намуудыг татан буулгаж, цэгцэлнэ гэж найдна.