Д.ГАН-ОЧИР Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, дэд профессор
Дэлхийн банк энэ оны зургаадугаар сард “Монгол Улсын төсвийн судалгаа: Тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх төсвийн шинэчлэл” сэдэвт тайлан гаргасан. Энэ тайланд төсвийн шинэчлэлд анхаарах асуудлаар олон санал, зөвлөмж өгчээ. Монгол Улсын 2026 төсвийг хэлэлцэж буй энэ цаг үед төсвийн шинэчлэлийн зарим онцлох санал, үндэслэлийг хуваалцаж байна. Төсөв тойрсон алдаа, сургамжийг давталгүй, харин шуурхай засаж, тулгамдсан асуудлыг одооноос шийдвэрлээд явах нь энэ цаг үеийн бодлого тодорхойлогчдын үүрэг билээ. Монгол Улс тогтвортой бодлого хэрэгжүүлэх, төсвийн алдагдлыг хязгаарлах, зардлын өсөлтийг хянах, баялгийн сангийн зарцуулалтыг зохицуулахад чиглэсэн төсвийн дүрэм нэвтрүүлсэн боловч, хэрэгжилт хангалтгүй, удаа дараа өөрчлөгдсөн хэвээр байгааг анхааруулжээ.
Нэг ёсондоо, уг дүрэм нь төсвийн сахилга батыг хангах, улс төрийн оролцоог хязгаарлах үүргээ биелүүлж чадахгүй байгааг, энэ нь эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буйг олон улсын санхүүгийн байгууллагууд сануулж, хэлсээр байна. Манай улс төсвийг дунд хугацаанд төлөвлөх арга барилд шилжээд удсан хэдий ч төсвийн хүрээний хэрэгжилт сул байгаа нь мөчлөг дагасан бодлого цаашид ч үргэлжлэх эрсдэлийг нэмэгдүүлж, төсөв, санхүүгийн тогтвортой байдалд аюул занал учруулж буй. Монгол Улсын урт хугацааны өрийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц төсвийн болон эмзэг байдлаас улбаатай эрсдэлүүд улам бүр хуримтлагдаж байгааг анхааруулжээ. Институцийг бэхжүүлж, түүндээ захирагдан “улс төр хийдэг” нийтлэг жишигт орохгүй бол төсвийн, өрийн, санхүүгийн, цаашлаад нийгэм-эдийн засгийн тогтвортой байдал, хөгжлийн тухай ярих боломж хомс болно. Улс төрийн популизм нь эдийн засгийн популист бодлого болж, улс орны эмх замбараагүй байдлаар төгссөн жишээг бид давтах учиргүй.
Төсвийн зарлагын бүтэц өөрчлөгдөж, улам бүр “хасаж болохгүй” зүйл ангиудтай болж буй нь тэргүүлэх чиглэлдээ мөнгө хуваарилах, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх, зохицуулалт хийхэд хүндрэл учруулж байна. Зохицуулалт хийхэд хүндрэлтэй буюу “хасаж болохгүй” зүйл ангийн нийт төсөвт эзлэх хэмжээ 55 хувиас давж, ижил төстэй улс орнуудтай харьцуулахад хэт өндөр түвшинд хүрчээ. Үүний гол шалтгаан нь байнга өсөж буй нийгмийн халамжийн зардал, тэтгэврийн сангийн татаас юм. Тэтгэврийн тогтолцоонд даруй шинэчлэл хийхгүй бол энэ зүйл анги цаашид улам нэмэгдэх нь. Энд яригдаж буй шинэчлэл бол тэтгэврийн сангийн орох урсгалыг өсгөх, гарахыг нь бууруулах (магадгүй тэтгэвэрт гарах насыг хойшлуулах) явдал билээ. Алга ташуулахын төлөөх улс төр нь төсвийн зохицуулалт хийх боломжгүй байдалд хүргэж, бартаат замд “жолоодлогогүй” унаа тэрэгтэй явахтай адил болов. Туулах зам бартаатай, хүрэм цэг хол ийм үед төрийн жолоог зөв залах учиртай.
“ХХОАТ-ЫГ БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДЭД ТЭГ, ӨНДӨР ОРЛОГОТОЙ ХЭСЭГТ ИХ ХУВЬ ХЭМЖЭЭГЭЭР ТОГТООХ ШАТЛАЛЫГ НЭВТРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ”
Төсвийн орлого түүхий эдийн зах зээлийн хэлбэлзлээс ихээхэн хамааралтай байгаа үед төлөвлөлтийг хэт өөдрөг хийх нь эргээд эрсдэл дагуулж болзошгүй. Төсвийн орлогын тавны нэгээс илүү хувь нь уул уурхайн салбараас бүрдэж байгаа бол тус салбар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ)-ын бараг талыг, Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын 15 хувийг дангаар бүрдүүлж байна. Иймээс төсвийн орлого нь эрс тэс буюу түүхий эдийн үнэ, биет хэмжээнээс ихээхэн хамаарч, хэлбэлзэл өндөр, эрсдэлтэй байдаг. Тухайлбал, сүүлийн 10 жилд манай төсвийн орлого ДНБ-ий 25-33 хувийн хооронд хэлбэлзэж байжээ. Тэр дундаа нүүрс нь уул уурхайн орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж буй ч Хятадын эрэлт урт хугацаандаа буурах төлөвтэй байгаа тул төсөв, экспортын орлогод эрсдэл дагуулахыг мартаж болохгүй. Иймд уул уурхайн салбар доторх болон салбар хоорондын төрөлжилт нь эдгээр орлогын тогтвортой байдалд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Татварын шинэчлэлээр ядуурал, орлогын тэгш бус байдлыг бууруулах боломжтойг тус тайланд онцолжээ. Тухайлбал, ХХОАТ-ын системийг бага орлоготой иргэдэд тэг байх, харин өндөр орлоготой иргэдэд их хувь хэмжээгээр тогтоох (жишээлбэл, жилийн 360 сая төгрөгөөс дээш орлогод 32.5 хувь) шатлал нэвтрүүлэх шинэчлэлийг санал болгосон байна. Дэлхийн банкны тооцоогоор тэг хувийн татварын шатлал нэвтрүүлэх нь ядуурлыг мэдэгдэхүйц бууруулах бол өндөр орлоготой хэсэгт болон хөрөнгийн орлогод прогрессив татварын хувь хэмжээг нэмж тогтоосноор системийн тэгш байдлыг сайжруулна. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх гэж буй Татварын багц хуулийн өөрчлөлтөөр эдгээр шинэчлэлийг цогцоор нь хийж, нэвтрүүлснээр татварын орлого төвлөрүүлэлт ч нэмэгдэнэ гэж үзжээ. Түүнчлэн НӨАТ-ын чөлөөлөлт эсвэл татварын хувийг бууруулах зэрэг арга хэмжээ нь ихэвчлэн чинээлэг хэсгийхэнд илүү үр өгөөжтэй, НӨАТ-ын буцаан олголт болон сугалаа ч мөн адил ядуу, дунджаас доогуур, дундаж айл өрхүүд гэхээсээ баян чинээлэг давхаргынханд ашигтай байдаг тул тэдгээрийн ерөнхий ашиг тусыг сайтар үнэлж, нягтлах шаардлагатайг сануулсан байна.
МОНГОЛ УЛС ХАЛАМЖДАА ЖИВЭХ ЭРСДЭЛ ӨНДӨР
Дэлхийн банк эдийн засаг, санхүүгээс гадна, нийгмийн салбарын бодлогын экспертүүдийнхээ санал, зөвлөмжийг давхар өгдөг. Энэ дагуу татварын бодлогын асуудлыг эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй хослуулах чиглэлд тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг нэмэгдүүлэх санал гаргажээ. Тамхи, согтууруулах ундааны онцгой албан татварыг нэмэгдүүлэх нь нийгмийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх, татварын орлогыг нэмэгдүүлэх, мөн энэхүү хорт зуршлуудаас үүдэлтэй ядуу, эмзэг бүлгийнхэнд тулгардаг санхүүгийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтойг онцолжээ. Одоо үйлчилж буй татваруудын бодит үнэ цэн (инфляцаар тохируулга хийсэн) цаг хугацааны туршид буурснаар тамхи, согтууруулах ундаа өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад илүү “хямд” болж, хэрэглээ нэмэгдэх нэг хүчин зүйл болохын зэрэгцээ эдгээр бүтээгдэхүүнээс орох татварын бодит орлого буурч байгааг ч сануулав.
Монгол Улс халамждаа живэх эрсдэл өндөр байгааг сануулахаа тэд мартсангүй. Жишээ нь, 2022 онд нийгмийн халамжийн зардал улсын төсвийн 11.1 хувийг эзэлсэн бөгөөд нийт хүн амын бараг 90, түүн дотроо нийгмийн хамгийн эмзэг бүлэг гэгдэх 20 хувь бүгдээрээ шууд болон шууд бусаар ямар нэг хэлбэрийн дэмжлэг авчээ. 18 хүртэлх насны бүх хүүхдэд олгодог “хүүхдийн мөнгө хөтөлбөр” (ХМХ) нь нийгмийн халамжийн нийт зардлын 70 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна. “Ковид-19” цар тахлын үед нийгмийн халамжийн зардал эрс нэмэгдсэн, тэр дундаа ХМХ-ийн тэтгэмжийн хэмжээ тав дахин өссөн нь өрхийг эдийн засгийн хүндрэлээс хамгаалсан хэдий ч зардлын үр ашиг, түүнийг урт хугацаанд тогтвортой санхүүжүүлэх боломжийн талаар анхаарах шаардлагатайг онцолж буй. Ялангуяа, хавтгайрсан нийгмийн халамж нь төсвийн зардлыг нэмэгдүүлж буй ч ядуурал, тэгш бус байдлыг бууруулах үр ашгийн хувьд бусад ижил түвшний орнуудтай харьцуулахад хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэн олгосны үр нөлөөгөөр ядуурлын түвшин 13.3 нэгж хувиар, тэгш бус байдал буюу Жини коэффициент 5.6 нэгжээр буурсан ч Монгол Улсын нийгмийн халамжийн прогрессив шинж нь бусад ижил түвшний орнуудынхаас сул буюу хүн амын хамгийн ядуу 10 хувьд нь нийт шууд шилжүүлгийн зөвхөн 16.5 хувь ногдож байна. Энэ нь нийгмийн халамжийн зардлыг зорилтот бүлэгт үр ашигтай чиглүүлсэн гэхээс илүү¬ тэй өндөр зардлаар ядуурал, тэгш бус байдлыг бууруулах ажил болсныг харуулжээ. “Халамжаас хөдөлмөрт шилжих бодлого”-ыг нийгмийн халамж болон хөдөлмөрийн зах зээлийн хөтөлбөртэй уялдуулан хослуулж хэрэгжүүлэх нь үр дүнтэй байдаг. Ажилд орсных нь дараа халамжийн тэтгэмжийг шууд бүрмөсөн зогсоохын оронд хэсэгчлэн үлдээж, аажмаар зогсоох нь халамжаас хөдөлмөрт шилжих шилжилтийг хөнгөвчилж, ажил эрхлэх сэдлийг урамшуулах боломжтой гэж зөвлөжээ. Түүнчлэн хүүхэд асаргаа, тээврийн зардлын дэмжлэг нь идэвхжүүлэлтэд тус нэмэр болох боломжтой.
АЙЛ ӨРХҮҮД ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРДЛЫНХАА 77 ХУВИЙГ ЭМ АВАХАД ЗОРИУЛДАГ
Эрүүл мэндийн салбарт ч үр ашиг сайжруулах, хүний нөөц, эм, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг оновчтой болгох шаард лагатай байна. Монгол айл өрхүүд эрүүл мэндийн нийт зардлынхаа 77 хувийг зөвхөн эм худалдан авахад зарцуулж байгаа бөгөөд энэ үзүүлэлт эмзэг, ядуу бүлгийнхэнд илүү өндөр байгааг онцолжээ. Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС)-гаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон амбулаторийн тусламж, үйлчилгээг түлхүү санхүүжүүлж буйгаас бусад нь хязгаарлагдаж, нөөц хуваарилалтыг үр ашиггүй байдал руу түлхэж байна. Жишээ нь, хөнгөлөлттэй эмийн нэр төрөл, санхүүжилт бага байгаа нь эмзэг, ядуу өрхүүдэд илүү санхүүгийн дарамт бий болгохын зэрэгцээ эмнэлэгт хэвтэгсдийн тоог нэмэгдүүлэх нэг шалтгаан болж буй аж.
Дэлхийн банкны судалгаанаас Монголд боловсролын чанар, хүртээмжийн ялгаа нийгмийн бүлгүүд хооронд эрс нэмэгдэж буй ноцтой үр дүнг харж болно. Чанартай боловсрол нь ядуурал, тэгш бус байдлыг бууруулах боломжийг бүрдүүлэх үндсэн арга зам билээ. Гэтэл орлогын ялгаа нь тэгш бус байдлыг бий болгож, улмаар чанартай боловсрол авах боломжийг хязгаарлаж байгаа нь том аюул юм. Наад зах нь, боловсролын суурь үйлчилгээний хүртээмж тэгш бус, багш-сурагчийн тооны харьцаа, анги танхимын хүртээмж, дижитал нөөц маш их зөрүүтэй байна. Сургуулийн өмнөх боловсролд төсвийн томоохон хувь ногддог хэдий ч хүртээмж нь жигд бус хэвээр, энэ байдал малчин өрхийн болон эмзэг бүлгийн хүүхдүүдийн хувьд илүү тодоор илэрдэг. Дэд бүтэц, сургалтын хэрэглэгдэхүүний хомсдол нь сурагчдын сурлагын амжилтад нөлөөлж байгаа тул зорилтот хөрөнгө оруулалт хийснээр энэхүү ялгааг бууруулах боломжтойг дурджээ. Ингэснээр 2028 он гэхэд боловсролын салбарын үр ашиг одоогийн 65.7 хувиас 86.1 болж нэмэгдэх боломжтой бөгөөд нийгэм-эдийн засгийн бүлгүүдийн доод хэсэгт хамаарах сурагчид (өдгөө 40 хувьтай байгаа) нь сурлагын амжилтаараа өнөөгийн 20 хувийг эзэлж буй дээд бүлгийнхтэй ойролцоо түвшинд хүрэх боломжтой гэж тооцсон байна.

ТӨРИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ҮР АШИГ МАШ МУУ БАЙНА
Төрийн хөрөнгө оруулалтын удирдлага (ТХОУ)-ын сул байдал нь үр ашиггүй зардлыг нэмж, санхүүгийн эмзэг байдал үүсгэхийг ч ил тод анхааруулжээ. Эдийн засаг, хөгжлийн болон Сангийн яам хоорондын хөрөнгө оруулалттай холбоотой чиг үүргийн хуваагдал нь төслүүдийн зохицуулалт, эрэмбийг илүү төвөгтэй болгож, ТХОУ-ын нэгдмэл тогтолцоог бий болгоход бэрхшээл учруулж байна. Олон улсын харьцуулалтаас ч харахад Монгол Улсын хөрөнгө оруулалтын үр ашиг маш муу байгаа нь үнэн. Тухайлбал, төрийн зарцуулсан нэг ам.долларын хөрөнгө оруулалтад ногдох үндсэн хөрөнгийн хуримтлал дөнгөж 22 цент байгаа нь ижил төстэй орнуудын дундаж (54 цент)-аас 2.5 дахин бага буюу маш доогуур байна.
Засгийн газар дунд хугацааны (нэгээс дээш жилийн) төсвийн төлөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэх, төслүүдийг тэргүүлэх чиглэл, чанарт суурилж сонгох, цаашлаад хөрөнгө оруулалт нь төсөвт хэт ачаалал үзүүлэхгүй, хэрэгжилтийг удаашруулахгүй байхыг зөвлөсөн. Төсөл бүрийг эдийн засгийн шингээх чадвар, барилгын материалын үнийн өсөлт, хүний нөөцийн хомсдол зэрэг боломжит эрсдэлийг харгалзан үзэж шат дараатайгаар төлөвлөж, мониторинг хийх нь чухал болохыг захижээ. Эдийн засаг, төсвийн тэлэлтийн дүнд барилгын зардал өсдөг учраас хөрөнгө оруулалтад их мөнгө зарцуулсан ч бодитоор илүү их капитал бүтээгдэхүүн худалдаж авч чадахгүй гэсэн үг. Иймд капитал бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлахад чиглэсэн бүтцийн бодлогыг Засгийн газраас давхар хэрэгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт ил тод байх, ТХОУийн хүрээнд хамрагдан, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө нийтэд ил тод мэдээлж, өмчийн бүртгэл хөтлөх шаардлагатай гэж үзсэн байна.
Бодлого боловсруулагчид төсвийн асуудалд энэ удаад арай өөрөөр хандах буюу тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хөгжилд чиглэсэн шинэчлэлийг хойшлуулшгүй хийх хэрэгтэй байгааг Дэлхийн банкныхан онцолжээ. Хэт эрэлтэд түшиглэсэн Нео-Кейнсийн арга барил, бодлого, сэтгэлгээний “хүлээс”-нээс гарч, эсрэгээрээ нийлүүлэлтийн эдийн засгийн болон зах зээл, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх, хүмүүн капиталыг хөгжүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, инновацыг нэмэгдүүлэх, ажиллах хүчний ур чадвар, бүтээмжийг өсгөх бодлого, шинэчлэлд анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Төсвийн шинэчлэлд улс төрчдийн манлайллаас гадна хүн бүрийн оролцоо, хяналт чухал үүрэгтэй.