
Мальдивын Ерөнхийлөгч Абдулла Ямен улсдаа 15 хоногийн онц байдал зарласныг “Reuters” мэдээллээ. Үүний дараа тус улсын Төрийн тэргүүн асан Момун Абдул Гаюмыг хүргэнийх нь хамт баривчилжээ. Засгийн газрыг түлхэн унагахаар хуйвалдсан хэрэгт тэднийг буруушааж байна.
Сөрөг хүчний улстөрчид, тэдний дотор Ерөнхийлөгч асан Мохамед Нашидад оноосон ялыг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг Дээд шүүх нь өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт гаргаснаас хойш энэ орны улс төрийн байдал тогтворгүй болсон байна. Улс төрийн ямар ч оролцоогүй шударга шүүх хурал болох хүртэл тэднийг суллах болсныг шүүхийн шийдвэрт дурджээ. Энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой буйгаа М.Нашид баасан гаригт нь мэдэгдсэн юм. Мөн парламентын 12 гишүүний эрхийг Дээд шүүх нь сэргээсэн байна. Ингэснээр сөрөг хүчин парламентад олонх болж, Төрийн тэргүүндээ итгэл үзүүлэх, эсэх асуудлаар гишүүдийн дунд санал хураалт явуулах боломжтой болсныг “France press” тэмдэглэжээ. Мальдивын одоогийн Ерөнхийлөгч А.Ямен урьд нь Дээд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхийг оролдсон Цагдаагийн газрын дарга Ахмед Ариф, түүний халааг авсан Ахмед Сауди нарыг албан тушаалаас нь огцруулсан аж.
Өнгөрсөн бямба гаригт тус улсын парламент аюулгүй байдлын үүднээс ажлаа тодорхойгүй хугацаагаар зогсоож, мөн Ерөнхийлөгчийн талынхан болон Дээд шүүхийг дэмжигчдийн жагсаал цуглаан болжээ.
Одоогийн байдлаар Засгийн газрын ордныг хамгаалахаар тус улсын нийслэлд цагдаагийн тусгай анги нэгтгэлийн 100 гаруй алба хаагчийг татсан байна. М.Нашид нь 2008 онд анх удаа ардчилсан журмаар сонгогдон Мальдивын Ерөнхийлөгч болсон ч гурван жил гаруй хугацааны дараа албан тушаалаасаа түлхэгдэн унасан юм. 2015 онд түүнд террорист ажиллагаа явуулсан хэргээр 13 жил хорих ял оноосныг олон улсын хамтын нийгэмлэг буруушаажээ. 2016 оны нэгдүгээр сард М.Нашидад Их Британид нурууны мэс засал хийлгэхийг зөвшөөрснөөр тэрбээр тэнд улс төрийн орогнох эрхтэй болжээ.