
Байлдааны ажиллагааны улмаас дүрвэсэн Иракийн 3.2 сая орчим иргэн нутаг буцсан тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээллээ. “Исламын улс” бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаа дууссаны дараа дүрвэгсэд олноороо нутаг буцах болсон аж.
“Исламын улс”-ын босогчид 2014 оны зун Иракт өргөн хүрээг хамарсан давшилтаа эхэлж, Мосул хотыг эзлэн, “нийслэл”-ээ болгосон билээ. 2015 онд АНУ тэргүүтэй эвслийн дэмжлэгтэйгээр Иракийн цэргүүд булаан эзлэгдсэн газар нутгаа чөлөөлөх кампанит ажлаа эхэлсэн юм. Харин өнгөрсөн оны долдугаар сард Мосул, арваннэгдүгээр сард террористуудын сүүлчийн түшиц газар болох Рава хотыг чөлөөлсөн. Иракийн Ерөнхий сайд Хейдар аль-Абади өнгөрсөн арванхоёрдугаар сарын эхээр улсаа босогчдоос бүрэн чөлөөлөгдсөнийг зарласан билээ.