
Японы эзэн хаан Акихитогийн том ач бөгөөд хунтайж Акисиногийн том охин болох гүнж Мако, түүнтэй оюутан ахуйдаа нэг ангид сурч байсан Кэй Комуро нарын хуримыг 2020 он болтол хойшлуулжээ. Уг нь тэд ирэх арваннэгдүгээр сард гэрлэх ёслолоо үйлдэхээр товлосон байсан юм. Ирэх жил Акихито том хүү Нарухитодоо хаан ширээгээ шилжүүлэх ёслол болохтой холбогдуулан ийм шийдвэр гаргасныг Эзэн хааны ордны хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
Мако гүнж сүй тавьснаа өнгөрсөн оны есдүгээр сард зарлаж, дараа нь нийслэл Токио хот дахь “Imperial” зочид буудалд гэрлэх ёслолоо үйлдэхээр төлөвлөж буйгаа зарласан билээ. Хунтайж Акисиногийнх гүнж Макогоос гадна гүнж Како, хунтайж Хисахито гэдэг хоёр хүүхэдтэй аж.
Тус улсын Засгийн газрын шийдвэрээр эзэн хаан Акихито халаагаа өгөх ёслолыг ирэх жилийн дөрөвдүгээр сарын 30-нд, угсаа залгамжлах хунтайж хаан ширээнд залрах ёслолыг дараа өдөр нь товлосон юм.