
Хүүхэд байхдаа “Тоншуулын толгой өвддөг болов уу” гэж боддог байж билээ. Өдөржин мод тонших түүнийг хараад өмнөөс нь “өвддөг” байсан биз. Судлаачдын тогтоосноор тоншуул өдөрт дунджаар 12 000 удаа мод тоншиж, хоолоо олж иддэг. Энэ бол байгалийн зохилдлого учраас толгой нь өвдөж, ямар нэгэн асуудалтай тулгардаггүй гэж Хятадын эрдэмтэд хэдэн жилийн өмнө мэдээлж байв. Түүний гавлын яс болон хошуунд байдаг жийргэвч мэт зөөлөн эд нь тонших үед тархинд ирэх доргилт, чичиргээг бууруулдаг гэж тайлбарласан. Тэгвэл Америкийн Бостоны их сургуулийн судлаач Питер Каммингс “Тоншуулын тархинд доргилтоос болж асуудал үүсдэг. Өмнө нь эл шувууг “төмөр” тархитай мэт ойлгодог байсан. Бид тоншуулын тонших үеийнх нь хүчийг судлахад барилгын хана нураадаг төхөөрөмжийнхөөс ч илүү гарч байсан. Ийм хүчтэй цохилтын үед гарах чичиргээ хүртэл ямар нэгэн сөрөг дагавартай байх магадлалтай. Гэтэл тийм жижигхэн тархи өдөрт хэдэн мянган удаа “цохиулчихаад” огт өвдөхгүй, эрүүл байх аргагүй. Бид судалгааныхаа явцад хэд хэдэн үхсэн тоншуулын тархинд цус харвасан ул мөр илрүүлсэн” гэжээ.