
-Тэрбээр амиа егүүтгэгчдэд туслахаар амлаад, хороодог байжээ-
Японы эрх баригчид өнгөрсөн оны аравдугаар сард 27 настай Такахира Шираиши гэдэг залууг баривчилжээ. Түүний гэрээс олон цогцос олдсон гэнэ. Нийгмийн сүлжээгээр үхэх хүсэлтээ илэрхийлсэн хүмүүст тэрбээр туслахаар очдог байна. Даруухан залуу олон хүний аминд хүрсэн хэргээр Японыг донсолгосон түүхийн мөрөөр “lenta.ru” ийн мөшгөжээ.
ЭТГЭЭД ТУСЛАМЖ
Найман бүсгүй, нэг залуу сураггүй алга болсон нь тус улсыг сэрдхийлгэжээ. Гэмт хэргийн гаралтын түвшин бага гэдгээрээ Япон улс алдартай учир уг хэрэг оршин суугчдыг нь айдаст автуулав. Токиогийн 23 настай оршин суугчийн аминд хүрсэн байж болзошгүй этгээдийн мөрөөр орох хүртлээ цагдаагийнхан иргэдийнх нь алга болсон баримтуудыг нэг учигт холбоогүй аж. Алга болохынхоо өмнө энэ бүсгүй твиттер хуудсандаа “Хамтдаа үхэх хэн нэгнийг хайж байна” гэж бичсэн байлаа.
Ах нь Цагдаагийн газарт хандахдаа мөрдөн байцаагчдад нь дүүгийнхээ нийгмийн сүлжээн дэх бүх хаягийн нууц үгийг өгсөн аж. Твиттертээ “сайн дураар үхэхийг хүсэгчид”-тэй харилцаж, зорилго нэгтнүүдээ хайж эхэлсэн байжээ. Шираишитай харилцагчдын нэг болох эмэгтэйтэй холбоо барьж чадсан нь гэмт этгээдийг мөшгөхөд тус болсон гэнэ.
Цагдаагийнхан Шираишигийн гэрт ороход л цогцосны өмхий үнэр ханхийсэн учир алга болсон бүсгүй хаана буйг хэлэхийг түүнээс шаарджээ. “Энд” гээд тэрбээр хөргөгч рүүгээ заасан байна. Гэтэл ноомой байрын залуугийн гэрт тэр бүсгүйнхээс гадна олон цогцос байв. Хөршүүд нь тэр тэсэж байхын аргагүй үнэрийг хэдэн сар хүлцэж, цагдаад яагаад ч юм мэдэгдээгүй аж.
Гэмт этгээдийн гэрээс тасдаж цавчсан есөн цогцос, мөн хөрөө, олс, шөвөг олдлоо. Хэдэн толгой зэрэг эрхтэн хөлдөөгч болон жирийн хайрцагт байв. Зарим хэсгийг муурын ялгадсаар хучин далдалмар аядсан байснаас гадна янз бүрийн багтаамжтай хайрцаг савнаас хүний 240 орчим эд эрхтэн гарсан гэнэ.
Амьдрал нь ямар ч утга учиргүй байгааг ярихад эцэг нь тоогоогүй хэмээн тэрбээр мэдүүлжээ. Дунд сургуулиа төгсөөд, хоёр жил супермаркетын үлгэр жишээ ажилтан байснаа гэнэт “улаан дэнлүүний хорооллын” зууч болсон аж. Тэгээд уруу татчих охид хайдаг нэгэн болж хувирчээ. Сэтгэл санааны гутралын улмаас эцгийнхээсээ тусдаа гарч, твиттерээр хэсэж, гунигаа хуваалцах нэгнийг хайж явсан нь огт өөр зүйл сонирхоход хүргэжээ.
Тэрбээр өсвөр насныхныг амиа хорлох бодол руу хөтлөхийн тулд нийгмийн сүлжээнүүдэд хэд хэдэн хаяг нээсэн гэнэ. Нэг хаягтаа өөрийгөө энэ талын мэргэжилтэн гээд, нүүр зурагтаа гар, хүзүүндээ олон шархтай, зангианы оронд олс зүүсэн хөвгүүний зураг тавьжээ. Тэгээд “Шаналж буй хүмүүст туслахыг хүсэж байна. Хувийн мэдээллээ хэдийд ч хамаагүй бичээрэй” гэсэн тайлбар үлдээсэн аж.
Гэр, сургууль, ажил, гудамжинд ч дээрэлхүүлж, доромжлуулж мэдэхийг дагагчдадаа тэрбээр байнга сануулж, ойр дотнынхноос нь хөндийрүүлэхийг хичээж, амиа хорлох тухай бодлыг түгээх шаардлагагүйг онцолдог гэнэ. Цагдаагийнхны мэдээлснээр сэжигтэн этгээд хороосон хүмүүсийнхээ нэр, насыг ч мэдэхгүй байжээ.
Эхний хохирогч болох бүсгүй найз залуугийн хамт Шираишитай уулзаж, тэд хамтдаа бааранд орсон байна. Гэмт этгээд бүсгүйг гэртээ ирүүлж, улмаар амийг нь бүрэлгэсэн төдийгүй толгойг тасджээ. Найз залуу ч бүсгүй нь сураггүй болсны дараа сэжигтэй этгээдийнд очсоноор зандалчны өгөөш болж, мөчлүүлэн найз бүсгүйнхээ дэргэд очиж.
Энэ тохиолдлоос хойш гэмгүй царайт эрэгтэй хүнтэй нүүр тулаагүй байна. Өөр долоон бүсгүйн эрхтэн гэрээр нь нэг хөглөрөөстэй. Тэд бүгд 26-аас доош насныхан, тодруулбал, олонх нь насанд хүрээгүй байв.
ХЭВЛЭЛИЙНХЭН ГЯЛАЙСАН НЬ
Хэвлэлийнхний анхаарлыг татсан дуулиант хэрэг үүнээс өмнө 2016 онд гарсан юм. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг асрах төвийн ажилтан асан, 26 настай залуу үйлчлүүлэгчид болон хамтран ажиллагсад руугаа хутга барин дайрсан. 19 хүн амь эрсдэж, хэдэн арван хүн шархадсан энэ халдлага сүүлийн арван жилийн хугацаанд Японы түүхэнд гарсан хамгийн том гэмт хэрэгт тооцогдсон билээ.
Жилийн дараа хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд олон хүнийг мөчлөн хороосон хэрэгт сэжиглэгдэн нэг залуу баривчлагдсан нь тодорхой болжээ. Хоног хүрэхгүй хугацааны дотор сэтгүүлчид Шираишигийн амьдрал, сэтгэл мэдрэлийн талаарх бүх мэдээллийг нийтэлсэн байна. Үнэндээ албан ёсны мэдээлэл тун бага байсан ч түүнийг “Твиттер-алуурчин” хэмээн нэрлэжээ.
Шираишийг баривчилсныг зарласны дараа телевизийн сурвалжлагч нар камертайгаа хоёр хоног Зама хот дахь гэрийнх нь хажууд байрлаж, байшинг нь шууд дамжуулан үзүүлэхдээ Прокурорын газарт мэдүүлэг өгөхөөр яваа Шираишигийн гэрэл зургуудыг нэмсэн байв. Тодруулбал, хоёр цагдаагийн дунд саарал өнгийн спорт хувцастай, нүүрээ гараараа халхалсан эрэгтэйн зураг дэлгэцээр байнга гарчээ.
Оны дуулиант хэрэг гэдэг нь тодорхой болсны дараа сурвалжлагч нар бүр идэвхтэй ажиллаж, чухал хэд хэдэн баримт бичгийг гартаа оруулсан байв. Албан ёсны бичиг баримт ил болсныг ч хэлэх үү Шираиши хэргээ нуухыг оролдсонгүй. Тэрбээр залуу бүсгүйчүүдийг санаатай сонгосон төдийгүй амийг нь хороохын өмнө тэднийг хүчирхийлсэн гэдгээ мэдүүлжээ. Бас хохирогчдыг дээрэмдэж, 500 мянган иен (4.4 мянган ам.доллар)-тэй болсон гэнэ. Сэтгүүлчид хөршүүдтэй нь уулзахад тэд хоёр сарын турш “шугам хоолойн эхүүн үнэр” гарч байсан учир СӨХ-ндоо ч, цагдаад ч мэдээлээгүй аж.
Шираишигийн хүүхэд байхаас нь мэддэг хүмүүс түүнийг тайван дөлгөөн, нийтэч гэв. Сурлагаар онцгойроогүй ч тэрбээр хичээл дээрээ их анхааралтай суудаг, ямар нэг дарамтад ороогүй байжээ. Түүнтэй үерхдэг байсан ганц бүсгүй нь түүнийг “зөөлөн залуу” хэмээн тодорхойлсон гэнэ.
Телевизийнхний олж мэдсэнээр Шираиши бага сургуульд байхдаа ангийнхантайгаа нэг нэгнийхээ хоолойг боож тоглодог байсан аж. Хожим хэвлэлийнхний тогтоосноор хоёр хохирогчийн биед дүүжлүүрийн ул мөр гарсан, нэг бүсгүйн хүзүүний яс хугарсан, бас нэгийг нь дүүжилсэн байжээ.
ТВИТТЕРИЙН ОДДЫН ЦАГ
Энэ цуврал хүн амины хэрэг япончуудад болон даян дэлхийд амиа хорлохтой холбоотой ноцтой асуудал буйг сануулав. Хэвлэлүүдийн нүүр, зурагтаар нийгмийн твиттер сүлжээний тухай улиг болтол бичиж, үзүүлжээ. Улмаар уг сүлжээг үүсгэн байгуулагч Жек Дорси Японы NHK сувгаар үг хэлэхдээ “Энэ тун таагүй, маш эмгэнэлтэй явдал боллоо. Гэхдээ нийгмийн сүлжээг зөвхөн сайн сайхан зорилгоор ашиглана гэдэгт бид итгэлтэй байх ёстой” гэсэн байна. Түүгээр зогсохгүй амиа хорлохтой холбоотой юм бичдэг хэрэглэгчдийнхээ хаягийг твиттерийнхэн устгаагүй төдийгүй ийм зүйлийг бодитойгоор зохион байгуулна гэдэгт эргэлзэж буйгаа илэрхийлжээ.
Япон нь хөгжингүй орнууд дунд амиа хорлосон хүний тоогоор Өмнөд Солонгос, Унгарын дараа гуравдугаарт ордог аж. Статистик мэдээнээс үзвэл жил бүр 20 хүртэлх насны 500 орчим япон хүн амиа егүүтгэдэг гэнэ. “Nippon foundation” байгууллагаас явуулсан судалгаагаар тус улсын дөрвөн иргэний нэг нь ганц удаа ч болов энэ амьдралыг орхих талаар бодож байсан нь тогтоогдсон аж. Одоо амиа хорлохоос урьдчилан сэргийлэх зорилготой ашгийн бус байгууллага бий болжээ. Токио дахь салбарынх нь шууд утас л гэхэд 24 цагийн турш ажиллаж, нэрээ хэлэхийг хүсээгүй хүмүүсийн дуудлага бүрт хариу өгөхөөр чармайн ажиллаж байна. Нөхөрсөг яриа, дэмжлэг нь амиа хорлох бодлоосоо салахад хүнд тус болдог гэдэгт тус байгууллагын ажилтнууд найдаж байна. Магадгүй Шираишигийн хохирогчид ч өөрийг нь сонсох нэгнийг хайж байсан биз.