
Хятадын цагдаа нар нүүр царай таних технологи бүхий нүдний шилтэй болсон тухай ВВС мэдээллээ. Ийм шил нь сэжиг бүхий этгээдүүдийн хувийн мэдээллийг агуулсан өгөгдлийн сантай холбогдсон учир цагдаа нар олны дундаас гэмт хэрэгтнийг шуурхай илрүүлэх гэнэ. Гэхдээ уг технологийг хүний эрхэнд хэт халдсан, Засгийн газрын эрх мэдлийг улам өргөжүүлсэн хэрэг боллоо хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Он гарснаас хойш Хятадын цагдаа нар нүдний шилнийхээ ачаар долоон сэжигтнийг баривчилжээ. Тодруулбал, тус улсын төв нутгийн Жөнжоу хотын хөл хөдөлгөөн ихтэй автобусны буудал орчмоос хүний наймааны хэрэгт холбогдох долоон сэжигтнийг баривчилжээ. Тэрчлэн хуурамч үнэмлэх ашигласан 26 хүнийг энэ шилний тусламжтайгаар илрүүлсэн байна.
Нөгөөтэйгүүр, энэ технологиор сэжиг бүхий этгээдийн гэрэл зургийг авч, өгөгдлийн санд буй зургуудтай харьцуулан харах боломжтой гэнэ. Хятад улс хяналтын камер суурилуулалтаараа дэлхийд тэргүүлдэг. Өдгөө тус улсад 170 сая хяналтын камер суурилуулсан бөгөөд ирэх гурван жил уг үзүүлэлтийг 400 саяд хүргэхээр төлөвлөжээ. Тэдгээрийн олонх нь нүүр царай таних технологи зэрэг хиймэл оюун ухаантай байх аж.