
АНУ даяар зэвсгийн худалдаанд тавих хяналтаа чангатгахыг шаардсан “Бидний амьдралын төлөө марш” тус улс даяар өрнөж, олон зуун мянган хүн оролцсоныг ВВС мэдээллээ. Өнгөрсөн сард Флоридагийн дунд сургуульд зэвсэгт халдлага болсны улмаас 17 хүний амь эрсэдсэний дараа хуульд өөрчлөлт оруулахыг шаардсан хөдөлгөөний хүрээ хэмжээ тэлсээр ийн улс орныг бүхэлд нь хамарсан аян болов.
Халдлагад өртсөн сургуулийн сурагчид буюу анд нөхрөө гэмт этгээдийн гарт алдсан хүүхдүүд эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулж буй юм. Галт зэвсгийн худалдааг хязгаарлахад хугацаа орох байх, гэхдээ залуус санаа бодлоо илэрхийлэх нь чухал гэж Вашингтонд болсон цуглаанд оролцсон нэгэн сурагч хэлжээ.
Жагсаал, цуглаанд оролцогчид “Галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийлэл гардаггүй болгоё”, “Зэвсгийг бус, хүүхдээ хамгаалъя” гэсэн уриа бүхий зурагт хуудсууд барьсан байлаа. Хагас автомат бууны хурдыг нэмдэг хэрэгслийг Цагаан ордон хориглосон ч идэвхтнүүд илүү өргөн хүрээтэй шинэчлэл хийхийг уриалж байна.
Гол арга хэмжээ Вашингтонд болж, дуучин Пол Маккартни, Ариана Гранде, Майли Сайрус болон “Хамильтон” алдарт мюзикл тавьсан жүжигчин Лин-Мануэль Миранда нарын алдартан жагсагчдыг дэмжин оролцов. АНУ-аас гадна дэлхийн бусад улсад 800 гаруй ажиллагаа болжээ. Байлдааны зэвсгийн худалдаанд хориг тавих талаар Америкийн улстөрчид шийдвэртэй арга хэмжээ авна хэмээн эсэргүүцлээ илэрхийлэгчид найдаж байна.
Дашрамд дурдахад, ийм байр суурийг америкчууд бүгд дэмжээгүй. Зэвсэгтэй явах эрхийг Үндсэн хуульд нь заасан байдаг бөгөөд Үндэсний буудлагын холбоо урьдын адил асар их нөлөөтэй хэвээр буй аж. Саяхан явуулсан судалгаанд оролцсон америкчуудын 69 хувь нь Зэвсэг эзэмших хуулийг чангатгах ёстой гэжээ. 2016 оны аравдугаар сард ийм судалгаа явуулахад 61 хувь нь тийм бодолтой байв.
Сурагчдын шаардлагын дагуу Флорида муж улс винтов буу худалдах насны доод хэмжээг нэмж, багш нарт зэвсэг авч явахыг зөвшөөрсөн хууль баталжээ. Үүний эсрэг Үндэсний буудлагын холбоо (ҮБХ) шүүхэд хандаж, Үндсэн хууль зөрчсөн болохыг мэдэгдсэн гэнэ. Тус холбоог эсэргүүцэхийг уриалсан кампанит ажлын дараа томоохон компаниуд ҮБХ-ноос харилцаагаа тасалжээ.