
Өдгөө 61 настай Жина Хаспел Америкийн тагнуулын албаны ахмад зүтгэлтэн бөгөөд хувийн амьдрал, карьерын тухай мэдээлэл нь төдийлөн ил биш аж. Тагнуулын төв газар (ТТГ)-т 33 жил ажиллахдаа нууц байдлаар тус газрын төв байранд, хилийн чанадад, тухайлбал, Их Британийн нийслэл Лондонд ажиллаж байжээ. Тэрбээр Ерөнхийлөгч бага Жорж Бушийн үед АНУ-ын нууц шоронгуудыг хариуцдаг байсан гэнэ.
Гэхдээ байцаалтад биечлэн оролцож байсан, эсэх нь тодорхойгүй. Тус улсын хүний эрхийн төлөө тэмцэгчид байцаалтыг эрүү шүүлт гэж үздэг. Нийтлэгдсэн мэдээллүүдээс үзвэл байцаалтын бичлэгийг Жина Хаспелийн зөвшөөрлөөр устгадаг байсан гэх.
ТТГ-ын удирдах албан тушаалд нэр дэвшсэн, тус байгууллагын түүхэн дэх анхны эмэгтэйн талаарх эдгээр баримт болоод хар толбо Конгрессын Сенатын танхимын Тагнуулын хорооны гишүүдийн анхаарлыг татах байх.
Журмын дагуу тагнуулын албаны удирдагчдын албан тушаалд нэр дэвшигчид Сенатын хороогоор заавал орж, хийж байсан ажил, хийх ажлынх нь чиглэлийн тухай таагүй асуултад хариулах хэрэгтэй болж, үүний дараа уг албан тушаалд тэнцэх, эсэх тухай шийдвэр гардаг аж.
Дэлхий даяар орших, “Аль-Каида”-гийн гишүүн Абд аль-Рахим аль-Нашири болон Абу Зубайда нарыг хорьж байсан АНУ-ын нууц шоронгуудын тухай олон нийт мэддэг болсны дараа хэрэгтнээс мэдээлэл авахын тулд живүүлэх болон энэ мэт бусад арга хэрэглэдэг асуудал ТТГ-ын удирдлагад хурцаар тавигдана.
Хэвлэлд мэдээлснээр Абу Зубайдаг Тайландад “Муурын нүд” хэмээн алдаршсан, ТТГ-ын нууц шоронд хорьж байжээ. АНУ-ын Сенатын илтгэлээс үзвэл түүнийг тэнд 83 удаа живүүлсэн бөгөөд тэрбээр гаднын өдөөгчийг мэдрэхээ байж, уушгиндаа устай, зүүн нүд нь хараагүй болж, амь насыг аврахын тулд эмч нар удаан тэмцсэн гэнэ. Энэ шүүлтэд Хаспел оролцож байсан, эсэх нь тодорхойгүй ч АНУ-ын нууц шоронгууд түүний мэдэлд байжээ.
Хүний эрхийг хамгаалах “Human rights watch” байгууллагын ахлах ажилтан Жон Сифроны мэдээлснээр 2005 оны эцсээр байцаалтын бичлэгийн хальсуудыг устгах шийдвэрийг Ж.Хаспел, түүний дарга, ТТГ-ын Терроризмтой тэмцэх төвийн захирал асан Хосе Родригес нар гаргасан байна.
Тийм арга хэрэглэн байцаах хөтөлбөрт оролцсон ТТГ-ын бүх ажилтныг мөрдөн шалгахаас татгалзах, бас цаашид аливаа эрүү шүүлтийг хориглох шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама 2009 онд гаргасан аж.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр 2016 онд Дональд Трамп живүүлэн байцаах, тэрнээс ч дор аргыг сэргээхээс буцахгүй гэдгээ мэдэгдсэн. Дараа нь 2017 онд ТТГ-ын даргын албан тушаалд Майк Помпеог нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэх үеэр Ардчилсан намын гишүүн сенатч Дайан Файнстин түүнээс АНУ-ын Ерөнхийлөгч хүсвэл олзлогдогсдыг эрүүдэн шүүх үү хэмээн асуухад М.Помпео “Мэдээж үгүй” гэж хариулжээ.
Энэ сэдвээр Ж.Хаспел сенатчидтай илүү удаан бөгөөд их таагүй яриа өрнүүлнэ хэмээн Вашингтоны шинжээчид үзсэн. Дашрамд хэлэхэд, тэрбээр өнгөрсөн эрүү шүүлт, нууц шоронгуудын тухай асуултуудад нэг бүрчлэн хариулах нь юу л бол. Энэ мэдээлэл урьдын адил нууц бол хэлэлцүүлэг олон нийт хийгээд хэвлэлийнхэнд нээлттэй болдог.
Ж.Хаспел Америкийн Сенаттай эртнээс таагүй харилцаатай. Тагнуулч асан тэрбээр 2013 онд ТТГ-ын тагнуулчидтай ажиллах албаны даргын албан тушаалд томилогдоход бараг нэг л алхам дутуу байжээ. Түүний нэрийг тэр үеийн тус газрын дарга Жон Бреннан дэвшүүлсэн аж. Шинэ ажил үүрэгт нь дэлхий даяар явуулах шуурхай нууц ажил орох ёстой байв.
Гэтэл эрүү шүүлтийн хөтөлбөрт оролцож байсан хүнийг уг албан тушаалд томилохыг Тагнуулын хорооны гишүүн сенатчид эсэргүүцсэний учир ТТГ-ын өөр ажилтанд тэр ажлыг даалгажээ.
ТААШААГДААГҮЙ ТАГНУУЛЧ БҮСГҮЙЧҮҮД
ТТГ байгуулагдсан 1947 оноос тус газрыг эрчүүд удирдсаар ирсэн аж. Статистикийн хувьд эмэгтэйчүүдийн тоо цөөн бөгөөд эрэгтэйчүүдтэй адил тэгш эрхтэйгээр албан тушаал дэвжих тухай асуудал 1950-иад онд анх хөндөгджээ.
Үнэндээ ТТГ хүйсийн тэгш бус байдлаа хүлээн зөвшөөрдөг төдийгүй хоёр хүйсийн төлөөлөгчид албан тушаал ахиж дэвших туршлага, боломжид нухацтай хандсаар ирсэн байна.
1990-ээд онд тус газрын ажилтан олон эмэгтэй шүүхэд зарга мэдүүлж, удирдлагаа ялгаварлан гадуурхдаг, бэлгийн дарамт үзүүлдэг хэмээн буруушаажээ. Тэгэхэд ТТГ-ын бие бүрэлдэхүүний бараг 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байв. Энэ газрын ажилтнуудыг дүрслэн харуулсан зохиомол дүрүүдийг Холливудын “Зорилго дугаар нэг”, “Эх орон”, “Хатагтай нарийн бичгийн дарга” зэрэг кинонд мөнхөлсөн байдаг.
Харин байгууллагын түүхэнд жинхэнэ баатрууд байсан. Тодруулбал, “Хромон хатагтай” хочтой Виржиния Холл Францын сөрөг хүчинд ажиллаж алдаршжээ. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед ТТГ байгуулагдахын өмнөх Стратегийн албаны хэлтсийн офицер байлаа. Араас нь гестапогийн бүх удирдлага ангуучилсан ч тэр эмэгтэй Францаас цаст уул даван Испанид нэг хөлтэйгөө очиж чадсан байдаг. Түүний нэрээр хожим нь ТТГ-ын нэг барилгыг нэрлэжээ.

Өөр бас нэг од тагнуулч бол Элизабет Макинтош. Сэтгүүлч, японоор гайхалтай сайн ярьдаг тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үеэр Суртал ухуулгын хэлтсийн Азийн салбарт ажиллаж байв.
Хүйтэн дайны үед Жин Вертефей, Дайан Ворсен, Сэнди Граймз нар байгууллага доторх хамгийн дуулиант хэргүүдийн нэг болох Орос, Америкийн талд давхар тагнуул хийдэг этгээд болох Олдриж Эймсийг илрүүлсэн байна.
Харин Жина Хаспелыг томилсон нь түүхэн үйл явдал болж, тэрбээр ТТГ-ын даргын албан тушаалд нэр дэвшсэн анхны эмэгтэй болов.
Ж.ХАСПЕЛЫГ ТОМИЛСНЫГ ТТГ БОЛОН СЕНАТАД ЮУ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ ?
“Жина Хаспел тухайн цаг үеийнхээ үйл явдал (эрүү шүүлтийн талаар)-ыг ямар нэг байдлаар хариуцах л болно. Гэхдээ түүнийг өндөр мэргэшсэн мэргэжилтэн гэж би үзэж байна. Тэгээд ч түүний ажиллаж байсан жилүүдэд ашигласан, зөвшөөрөгдсөн программыг хэдийнэ хууль бус гэдгийг зарласан. Үүнийг дахин хийж болно хэмээн тэрбээр ямар нэг байдлаар мэдэгдэх байх гэсэн асуудал л байна” гэж Өмнөд Каролинагаас Бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Линдси Грэм мэдэгджээ.
“Хаспел бол шуудхан хэлэхэд цэргийн гэмт хэрэгтэн” гэж Америкийн иргэдийн эрх чөлөөний холбооны дарга асан Жамил Жаффер твиттертээ бичсэн байна.
Сенатын Тагнуулын хорооны дарга, сенатч Ричард Берр түүнийг дэмжиж буйгаа мэдэгдээд, түүнд Засгийн газрын хамгийн чухал агентлагуудын нэгийг удирдахад шаардлагатай чанар, туршлага, хэрсүү ухаан бийг тэмдэглэв. “Би түүгээр бахархаж байна. Миний удирдаж буй хороо түүний удирдсан ТТГ-тай харилцана гэдэгт баяртай байгаа. Түүнийг дэмжинэ” гэж тэрбээр хэлжээ.
Жина Хаспелыг тагнуулын байгууллагуудын өнөөгийн болон хуучин удирдлага нь дэмжиж, түүнийг Засгийн газрын дарамт шахалтыг тэсэх чадвартай, үр нөлөөтэй удирдагч гэлээ.
Тус газрын жирийн ажилтнууд байгууллагыг нь гаднын хүн биш, ажлынхаа нарийн онцлогийг мэддэг нэгэн удирдах болсонд баяртай байна. Үндэсний тагнуулын газрын дарга асан Жеймс Клэппер Ж.Хаспелыг дэмжээд, түүнийг ТТГ-ын зарчмуудад үнэнч байж, Ерөнхийлөгч Д.Трампын хүсэлтийг эрэмшүүлэхийг илүү үзнэ гэдэг нь л анхаарал татаж байна гэж мэдэгджээ.