
Пёнчаны өвлийн олимпын наадмын улмаас хойшлуулсан, БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан “Foal еagle” сургуулилалт эхэлсэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Энэ сарын эцэс хүртэл үргэлжлэх сургуулилалтад Америкийн 11 500, Өмнөд Солонгосын 290 мянган цэрэг, десантын “Wasp” хөлөг онгоц тэргүүтэй АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнуудын отряд, “F-35B” сөнөөгч нисэх онгоц оролцож байна. Хүрээ хэмжээ болон үргэлжлэх хугацааны хувьд энэ удаагийн сургуулилалт өнгөрсөн оныхоос багасчээ. Тэгэхэд хоёр сар орчим хугацаанд үргэлжилж, АНУ стратегийн зэвсэглэлээ, тухайлбал, “USS Carl Vinson” атомын, нисэх онгоц тээгч хөлөг онгоц болон шумбагчуудаа оролцуулж байсан юм.
Энэ сарын хоёрдугаар хагаст БНСУ болон АНУ команд-штабын “Key resolve” сургуулилалт хийх бөгөөд үүнд Америкийн 12 200, Өмнөд Солонгосын 10 мянган цэрэг оролцоно.
Өнгөрсөн нэгдүгээр сард Вашингтон, Сөүл хоёр дээрх хоёр сургуулилалтыг хойшлуулахаар тохиролцсон билээ. Харин өнгөрсөн сард БНСУ-ын БХЯ сургуулилалт явуулах газар, хуваариа БНАСАУ-д мэдээлэхдээ тус улсад аюул учруулахгүй, батлан хамгаалах зорилготой болохыг тодруулжээ.
Пхеньян жил бүр болдог дээрх сургуулилалтуудыг эрс эсэргүүцдэг байсан бол өнгөрсөн сарын эхээр Өмнөд Солонгосын төлөөлөгчидтэй уулзахдаа Сөүлийн байр суурийг болон тэдгээр сургуулилалтыг түр зогсоох, эсвэл хугацааг нь бүр хойшлуулах боломжгүйг ойлгож буйгаа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун илэрхийлсэн юм.
Дараа нь тэрбээр БНАСАУ-ын удирдагчийн хувиар анхны гадаад айлчлалаа Хятадад хийсэн. Тус улсын дарга Си Зиньпинтэй хэлэлцээ хийхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, хэрэв Вашингтон Пхеньяны эсрэг дайсагнасан бодлогоосоо ангижирвал цөмийн зэвсгээсээ ангижрах алхам хийхэд бэлэн буйгаа Ким Жөн Ун илэрхийлсэн билээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Төрийн департамент мэдэгдэл хийхдээ БНХАУ-ын нийслэлд Умард Солонгосын удирдагч айлчилсан нь түүний Д.Трамптай уулзах магадлалыг нэмэгдүүлж байна гэжээ.
Тэрчлэн өнгөрсөн сарын 29-нд хоёр Солонгосын төлөөлөгчид энэ сарын 27-нд хилийн цэрэггүй бүсдээ дээд хэмжээний уулзалт хийхээр тохиролцсон. Мөн энэ сарын 4-нд удирдагчдын уулзалтыг зохион байгуулах, хэлэлцэх асуудал, аюулгүй байдлыг хангах талаар ажил хэргийн түвшний уулзалт хийхээр болсон байна.
Үүний сацуу БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзжээ. “Би удирдагч Кимтэй уулзаж, хамтдаа хөлбөмбөгийн тоглолт үзлээ” гэж Т.Бах Пхеньянд АНУ-ын “Associated press” агентлагт ярилцлага өгөхдөө хэлсэн байна. 2020 оны Токиогийн зуны, 2022 оны Бээжингийн өвлийн олимпт тамирчдаа оролцуулна хэмээн Ким Жөн Ун энэ үеэр мэдэгдсэн аж. Т.Бах 206 улсын олимпын хороотой хамтын ажилллагаагаа бэхжүүлэх төлөвлөгөөнийхөө хүрээнд Умард Солонгост айлчилсан юм.