
Газын зурвасын хил дээр палестинчууд Израилийн цэргүүдтэй мөргөлдсөн нь сүүлийн жилүүдэд хамгийн томд тооцогдож байна. Энэ нь Арабын улсуудын холбоо (АУХ) яаралтай хуралдахад хүргэсэн. Тус зурваст эрх барьдаг ХАМАС бүлэглэлийн санаачилсан уг хурлын өмнө Израильд үзүүлдэг гаднын дарамт шахалт хүчтэй болжээ.
АУХ-ноос гадна ХАМАС-ыг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан дэмжиж, Израилийг терроризмд буруушаасан бол Франц Израильд хүлээцтэй байхыг уриалсан байна. Газрын зурваст мөргөлдөөн гарахад хүргэсэн харилцан зөрчилдөөнтэй хувилбарууд гарч буй. Энгийн номхон иргэдэд халдан түрэмгийлсэн хэмээн ХАМАС мэдэгдсэн бол Израильтай зэвсэгт тэмцэл хийдэг бүлэглэлүүдийн гишүүд амь үрэгдэгсдийн олонх нь байсан гэж тус улсын Засгийн газар үзжээ.
Израилийг эсэргүүцсэн палестин жагсагчид тус улсын хүчнийхэнтэй мөргөлдөхөд хүрсэн шалтгаан тодорхойгүй байна. Мөргөлдөөнд оролцсон талуудын мэдээлснээр 16 хүний амь үрэгдэж, 1500 гаруй хүн шархадсан аж. Газын зурваст гарсан эмх замбараагүй байдлыг ХАМАС бүлэглэл өдөөн хатгалга үйлдсэн хэмээн Израилийн тал үзэж байгааг тус улсын Ерөнхий сайдын хэвлэлийн асуудал хариуцсан зөвлөх асан Бенни Брискин тодорхой тайлбарлажээ.
“Израиль Газын зурвасаас суурингуудаа 2005 онд Ерөнхий сайд Ариэль Шароны үед гаргасан. Тиймээс одоо мөргөлдөөн дэгдээх ямар ч шалтаг байхгүй. Израильтай залгаа хил дээр зохион байгуулсан жагсаал нь байдлыг тогтворгүй болгоход чиглэсэн санаатай үйлдэл. Газын зурваст эрх барьдаг ХАМАС бүлэглэл Баруун эргийн Рамалла хотод байрладаг Палестины засаг захиргааны удирдлагатай явуулах үйл ажиллагаагаа зөвшөлцөөгүй” гэж тэрбээр мэдэгдсэн аж.
Шинжээчийн хэлснээр Израилийн армийн ажиллагаа нь аюулд орсон улсынхаа халдашгүй байдлыг хамгаалахад л чиглэжээ. Цаашид ч, Израиль улс тусгаар тогтсон өдрийг тэмдэглэх хүртэл ийм өдөөн хатгалга гарахыг Б.Брискин үгүйсгээгүй байна. “Бид батлан хамгаалах байр суурь л баримтална. Газын зурваст дахин мөргөлдөөн гаргах шаардлага Израильд байхгүй.
Өдгөө бидний харж байгаачлан Газын зурвасын хүн амын байдал тааруу байгаад Израилийн удирдлага түгшиж байна” хэмээн тэрбээр хэлжээ.