
Залуу ээжүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлэх нь том асуудал. Хүү минь хоёр настай. Буруу үйлдэл хийхэд нь загнавал улам зөрүүдэлж, ямар ч шалтгаангүй уурлан, хэн нэгнийг цохиод авдаг болжээ. Хүүгээ хүмүүжүүлэх талаар аав, ээжээсээ асуухад “таван салаа боов” амсуулж, суран тэлээгээр ороолгохыг санал болгосон юм. Ийм аргыг өнөө цагт хүчирхийлэлд тооцох болсон. Үүнээс гадна өчнөөн асуудалд бий. Боловсрол, мэдлэгтэй болгохын тулд олон сургалт дамжаанд хүүхдээ явуулж, цаг наргүй хичээл хийлгэх нь зөв гэж зарим хүн ярьдаг. Нөгөө хэсэг нь хүүхдийг оноогоор үнэлэх буруу, хүн бүр математикч болох албагүй гэдэг. Энэ мэт олон асуудлын аль нь зөв болохыг гэр бүл судлаач, сэтгэл засалч эмч нараас тодрууллаа.
БҮХНИЙГ ТӨГС ХИЙХИЙГ ШААРДАХ ХЭРЭГГҮЙ
Эрвээхэй нас буюу 4-6 насандаа хүүхэд хамгийн эрчимтэй хөгждөг. Энэ үед төлөвшлийнх нь 80 хувь бүрддэг гэж “Гэр бүл анхаарлын төвд” олон улсын байгууллагын Монгол дахь салбарын сэтгэл судлаач Д.Энхжин хэллээ. Түүний өгүүлснээр, мэдрэлийн олон тооны эс энэ насанд бий болдог. Тэдгээр нь дахиж хэзээ ч олноороо бий болдоггүй аж. Тиймээс 4-6 насанд нь хүүхдийн төлөвшилд онцгой анхаарах хэрэгтэй юм байна. Энэ үед хүүхдийн сул талыг илрүүлж, давуу талыг нь бататгавал ямар ч боловсрол эзэмшсэнээс дутахгүй гэдгийг тэрбээр хэлэв. Хүүхдээ юунд илүү авьяас, чадвартай, ямар давуу талтай нь мэдэхийн тулд зан аашийнх нь төлвийг тодорхойлох ёстой. Ингэж чадвал заавал бүх талын мэдлэг олгох гэж хичээх шаардлагагүй. Тухайн хүүхэд юунд илүү дуртай, түүндээ амжилт гаргах магадлалтайг тодорхойлох нь чухал гэнэ. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг дунд зэрэг чаддаг байснаас нэгд нь гарамгай хүүхэд амжилт гаргах нь элбэг аж.
Хүүхдийнхээ давуу талыг олохын тулд гурван зүйлийг ажиглах ёстой гэнэ. Үе тэнгийнхнийхээ хийж чаддаггүй ямар зүйлд түүртэхгүй, юу хийж байхдаа хамгаас илүү баяр, хөөртэй, ямар сэдвээр илүү их ярьж байгааг анхаарах нь чухал гэдгийг судлаач онцолсон. Мөн хүүхдээ юунд илүү сонирхолтойг багш, гэр бүлийн бусад гишүүнээс асуух хэрэгтэй. Үр дүнд нь хүүхдээ юунд амжилт гаргах магадлалтайг тодорхойлж болно. Ингэвэл заавал олон төрлийн дугуйлан, дамжаанд явуулж, хүүхдийнхээ “шүүсийг шахах” шаардлагагүй. Мөн өөрийн үйлдлийг хянаж, зөв үлгэр дуурайл үзүүлбэл муухай аашлах, бусдыг дээрэлхэх зэрэг буруу зуршилтай болохгүй.
ХАРААЛЫН ҮГ СУРЧИХЛАА
Цэцэрлэгийнхээ найзаас хүү минь “Нохойн баас” гэдэг үг сурчээ. Түүнийг сонсоод манай гэрийнхэн бүгд инээж, өхөөрдөж, зарим нь бүр “Юу гэнэ ээ” хэмээн ахин дахин хэлүүлж байлаа. Дараа нь хүү минь танихгүй хүмүүсийн хажууд ч өнөөх үгээ хэлж, нүүр улайлгах болов. Энэ талаар “Төгс зохицол, гэр бүл” ТББ-ын зөвлөгч О.Ууганцэцэг “Хүүхэд буруу зүйл хийхэд уурлаж, загнах зэргээр анхаарал хандуулах нь оновчтой арга биш. Хараалын үг хэлсэн ч огт ач холбогдол өгөхгүй байвал яваандаа мартчихдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ муухай үг хэлэхэд нь нүдээ том болгож гайхан, эсвэл өхөөрдөж, үгүй бол зэмлэснээр “намайг илүү анхаарах юм байна” гэх ойлголт төрүүлдэг. Харин зургаагаас дээш настай хүүхдүүд юмны зөв, бурууг ялгах чадвартай байдаг тул ганц л удаа анхааруулж, өөрсдөө муу үлгэр дуурайл үзүүлэхгүй байх нь зөв” гэлээ.
ХҮҮХДЭЭ ГЭРИЙН АЖИЛД СУРГААРАЙ
Үндэсний статистикийн хорооныхон манай улсад өнгөрсөн оны байдлаар 30 000 хагас өнчин хүүхэд байгааг мэдээлсэн. Тиймээс ийм хүүхдүүдийг зөв төлөвшүүлэхэд юунаас ч илүү анхаарах хэрэгтэй гэсэн.
Ганц бие ээжүүдийн төлөөлөл Б.Ундраа “Би дөрвөн хүүхэдтэй. Нөхөр минь зуурдаар хорвоог орхисон. Хүүхдүүдтэйгээ үлдээд зургаан жил өнгөрчээ. Таксинд явж амьжиргаагаа залгуулдаг. Том хүү 14, хамгийн бага нь гурван настай. Том нь багыгаа хараад болж л байна. Өглөө гараад орой харьдаг тул хүүхдүүдийнхээ хоол, цайг нь заавал бэлддэг. Халуун усанд түлэгдэж, буруу хүмүүстэй нөхөрлөх вий гээд санаа зовох зүйл мундахгүй. Ямар хүмүүжилтэй болж байгааг нь анзаарах сөхөөгүй л ажиллаж байна” гэсэн бол Х.Уянга “Би хүүхдээ дураар нь байлгадаг. Муухай ааш нь том болоод засрах байх гэж боддог. Өөрт нь маш их хайртайгаа мэдрүүлэх л чухал. Ээж нь хүүхдэдээ тоглоом авч өгөхийн тулд ажил хийх ёстойг тайлбарладаг. Хүү минь хоёр настай учраас одоохондоо ойлгохгүй л байна” гэв.
Ганц бие ээж, аавууд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахыг хичээдэг ч цаг, завгүй ажилладаг нь саад учруулдаг. Хагас өнчин гэлтгүй, эцэг, эх нь завгүй хүүхдийг хэрхэн хүмүүжүүлж болохыг сэтгэл засалч эмч Д.Эрдэнэбаатараас тодруулахад “Хагас өнчин хүүхэдтэй харилцахдаа эцэг, эхийг нь муулахгүй байхыг асран хамгаалагч нь анхаарах ёстой. Ингэснээр хэн нэгнийг буруутгах төлөвшилтэй болохоос сэргийлдэг. Мөн өөрийг нь завгүй байлгах чухал. Гэхдээ хэт их ажил, үүрэг ногдуулахгүй байх ёстой. Насанд нь тохирсон хариуцлага үүрүүлэх нь зөв. Тухайлбал, 12-оос дээш настай хүүхдэд шал угаах, тоос соруулах, хоол, хүнс худалдаж авах, зэрэг юу хийх ёстойг нь сануул. 6-8 настай хүүхэд 15-20 минутын хугацаанд ажил, үүрэг гүйцэтгэх төлөвшилтэй болсон байдаг. Тиймээс хог шүүрдэх, угаасан хувцас эвхэх зэргийг даалгаж болно. Хүүхэд 3-5 насандаа хогийн шүүр барьж, хувцсаа өмсөх зэрэг чадвар эзэмшчихдэг тул хүссэн ажлыг хийлгэхэд буруудахгүй. Эцэг, эхээ дуурайж хоёр настай хүүхэд ширээ, цонх зэргийг арчин, тоглоомуудаа хурааж, тавиур дээрээс аяга авч, буцааж тавих чадвартай болдог.
Хагас өнчин хүүхэд ихэвчлэн айсан, ганцаардсан, сул дорой нэгэн болж төлөвших хандлагатай байдаг. Тиймээс бусдыг дорд үздэг, эсвэл өөрийгөө хамгаалах чадваргүй болж хүмүүжих эрсдэлтэй. Эрэгтэй хүү хэд ааваасаа гэр бүлээ хэрхэн авч явах, асуудлыг яаж даван туулах зэрэгт суралцдаг бол охид эсрэг хүйстэнтэйгээ харилцах чадварыг эцэгтэйгээ харилцаж олдог. Энэ нь цаашид нөхрөө сонгоход нь чухал ач холбогдолтой. Зарим эмэгтэй хүүхдээ аавтай нь уулзуулж байх зөв үү гэж асуудаг. Ямар ч тохиолдолд аав, ээжийнх нь аль нэг байхгүй бол хүүхэд өв тэгш хүмүүжилтэй болж төлөвших нь ховор. Тиймээс эцэг, эх нь хүчирхийлэгч биш л бол уулзуулах нь зөв. Хүүхэд томчуудаас илүү их гомдол тээдэг. Янз бүрийн сэтгэл заслын эмчилгээ хийснээр хүүхдийн сэтгэл зүйг тодорхой хэмжээгээр засах боломжтой” гэлээ. Аргагүйн эрхэнд гэр бүлээ цуцлуулах болсноо ойлгуулж, хүүхдээ үүнд ямар ч буруугүйг ойлгуулах шаардлагатай аж. Аавтайгаа уулздаг байсан ч тухайн хүүхэд өөртөө итгэлгүй, бусдыг буруутгах хандлагатай болох эрсдэлтэй юм байна.
АРГАДАХ, ЗЭМЛЭХИЙН АЛЬ АЛЬ НЬ ЗӨВ
Бага насныхныг зодож, зэмлэх буруу, гар хүрч огт болохгүй гэх болсон. Зодож, уурлавал хүчирхийлэл болно. Манай гэр бүлийн хувьд бага насны хүүхдээ аль болох аргадаж, эвийг нь олохыг хичээдэг байв. Гэтэл сүүлийн үед хүссэн бүхнээ авах гэж элдэв ааш гаргах боллоо. Уурлахаараа өшиглөдөг, шалтгаангүйгээр бусад руу дайрдаг, чанга орилж өөрийн хүслийг биелүүлэх нь мэдээж буруу.
Финландын Живаскаяа их сургуулийн судлаачид 1968 оноос хойш олон жилийн турш эрх хүүхдүүдийг судалжээ. Ингэхдээ найм, 14, 27, 36 насанд нь буюу тодорхой мөчлөгөөр судалсан байна. Өөрийгөө хянах чадваргүй, сэтгэл хөдлөл ихтэй, огцом ууртай, сахилгагүй, эрх багачууд бусад хүүхдийг бодвол ажилд орох магадлал бага гэсэн дүгнэлтэд хүрэв. 36 настайд нь дахин судалгаа авахад багадаа ууртай байсан хүүхдүүдийн олонх нь ажилгүй байж. Улмаар сэтгэцийн өөрчлөлттэй болох магадлал ч өндөр гарчээ. Ёс суртахуунгүй, эцэг, эхийнхээ үгийг сонсдоггүй, хувийн сахилга батгүй хүүхэд бусдад уруу татагдаж, буруу сонголт хийх нь их байдгийг эрдэмтэд нотолсон байгаа юм. Тиймээс хүүхдийг ганц нэг алгадахад буруудахгүй нь бололтой. Гэхдээ энэ нь эцэг, эхчүүдийн уураа гаргах шалтгаан бус, хүүхдийнхээ төлөө үйлдэл байх ёстой.
“Хэрэв чамд хайргүй байсан бол юу хийх чинь надад огт хамаагүй. Миний хүү надад хамгаас чухал учраас гар хүрэхээс өөр сонголт байсангүй” хэмээн өсвөр насны хүүхдүүдтэйгээ харилцаж болохыг сэтгэл судлаач нар зөвлөсөн. Мэдээж шинэ зүйл сурах, зөв зүйлд нь магтах зөв. Тунг нь тааруулах л чухал аж.
ГАР УТАСНЫ ДОНТОН
Утас хэрэглэх нь хүүхэд цахим ертөнцөөс мэдээлэл авахад тусалдаг гэж залуу эцэг, эхчүүд үздэг. Нэг талаар хүүхдээ саатуулах “сайхан” арга гэнэ. Гэхдээ утсаар хэт удаан тоглох нь нүдний хараа муудах, донтуулах эрсдэлтэйг эрдэмтэд удаа дараагийн судалгаагаараа нотолсон. Тиймээс хүүхдэдээ аль болох утас харуулахгүй байх нь зөв. Түүнээс ялгардаг хэт ягаан туяа хүүхдийн тархины хөгжилд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд байнга сануулдаг. Туршлагатай ээж нар зөвлөхдөө утасныхаа дэлгэцэд мангасын зураг тавих, бүх тоглоомоо устгах зэрэг арга хэрэглэдэг гэсэн. Харин өсвөр насны хүүхдэд өдөрт 2-3 цагаас илүү хугацаагаар хэрэглүүлэхгүй байхыг судлаачид санууллаа.