
ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөө (Нийгмийн сүлжээнд байршуулсан зургийг ашиглав)
Муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг болж бүтэхгүй бүхэн 100 хувь улсын байгууллага, төрийнхний буруу гэх үзлээсээ салах цаг нь болсон. Ингэлээ гээд төрийн байгууллагуудын бараан талыг хаацайлж буй хэрэг бус, бие биедээ бурууг тохож, өөрсдөө уснаас хуурай гардаг монгол зангаа хаяцгаах цаг болсныг сануулах гэсэн билээ.
Өнгөрсөн сарын сүүлчээр Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөний зураг нийгмийн сүлжээг “донсолгосон”. Хэн ч харсан “арай ч дээ” гэж дуу алдмаар тус өрөөний нөхцөл байдлыг сурвалжлахаар ХӨСҮТ-ийг зорилоо. Багагүй талбай, олон барилга дунд төөрчих шахам явсаар Эрчимт эмчилгээний тасгийн гадаа хүрэв. Дээврийн төмөр нь үжирч, шүүрэн шанага шиг болж, сандлынх нь хөндлөн моднууд хугарч дуусах шахсан, нэг үгээр хэлбэл, тулгуур төмөрнөөс өөр өөдтэй зүйлгүй сүүдрэвчид 50 эргэм насны хоёр эмэгтэй сууж байлаа.
Харин Эрчимт эмчилгээний тасгийн хаалга түгжээтэй, цонхыг нь хөшгөөр халхалсан байв. Тус тасаг руу хэрхэн орох талаар сүүдрэвчид сууж байсан хоёр эмэгтэйгээс лавлахад “Хэнийг ч оруулдаггүй юм билээ. Бид ой найман сартай хүүхдээ даатгачихаад юу болж байгааг ч мэдэхгүй сууж байна. Ээжийг нь ч оруулаагүй” гэсэн юм. Тэд өнгөрсөн долоо хоногт тус эмнэлэгт ханджээ. Эмнэлэгт ирэхдээ хүүхэд нь өдөрт 5-6 удаа цусаар суулгасан ч гэдэс нь өвдөөгүй үедээ гүйж, тоглоод л байсан гэнэ. Тус эмнэлгийн энгийн тасагт нэг хоносны дараа хүүхдийн бие эрс муудаж, эрчимт эмчилгээний тасаг руу шилжжээ. Түүнээс хойш хүүхдийнхээ барааг харсангүй хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн суух тэд хүүгийн эмээ гэнэ.
Сахиурын өрөө байгаа гэсэн, тэнд нь хүлээж байж болохгүй юу гэхэд “Тийм өрөө байдаг, эсэхийг мэдэхгүй. Эмч нар “Та нар энд хүлээгээд хэрэггүй. Гэртээ харь. Шаардлагатай тохиолдолд утсаар мэдээлнэ” гэх юм. Нялх хүүхдээ ухаангүй, яаж байгааг нь мэдэхгүй бид юу бодож гэртээ суух билээ. Би эмнэлэгт олон жил ажилласан. Ийм үйлчилгээтэй эмнэлэг ер харсангүй” гэсэн юм. Мөн тэднээс эм, тариа, дуслаас эхлээд ус буцалгагч, цэвэр ус хүртэл шаардсан гэдгийг өөр нэгнийг сахиж байгаа хүн дайгаад амжив. “Хүүхдээ л эмчлүүлж байвал юу ч нэхсэн яах вэ гэж бодоод тэр бүгдийг нь авч өгсөн” гэв.
Эмнэлгийн үүд түгжээтэй, цонх нь битүү байсан тул эмч, сувилагч нарыг гарч ирэхийг багагүй хүлээв. Тус тасагт тухайн үед таван өвчтөн эмчлүүлж байгаагийн гурав нь бага насны хүүхэд гэнэ. Хүүхдүүдийн эцэг, эх, эмээ, өвөө гээд цугласан бүхэн байж суух газраа олж ядан зогсох нь түгшүүртэй. Ээжийг нь өдөрт нэг л удаа, ганцхан цаг оруулдаг тул бусад үед нь яг л ийм дүр зураг үзэгдэнэ. Энэ хооронд бороо орж, салхилж Улаанбаатарын тэнгэр хэдэн “ааш” үзүүлэв. Шүүрэн шанага шиг дээвэртэй сахиурын “өрөө” бороо ороход усанд автсан тул тэд Эрчимт эмчилгээний тасгийн хоёр давхар байшингийн ёроолд хоргодон, салхилахад нь нүүрээ нуун, буруу харсаар эмч нарыг хэзээ дуудах бол хэмээн хүлээх өвчтөнүүдийн ар гэрийнхэн хүндхэн харагдлаа. Одоо бол зун цаг. Дүн өвлийн хүйтэнд яах байсан бол. Машинтай нэг нь машиндаа сууж болох юм гэхэд амьдралын боломж тааруу нь эмнэлгийн гадаа хөлдөж үхэхэд ойрхон байх нь хэмээн өөрийн эрхгүй бодогдов. Хагас өдөр эргэлдэж, эмч, сувилагчийг нь хүлээсний эцэст цоожтой хаалга сая л нэг онгойж, тус тасгийн асрагч гарч ирлээ. Учир байдлаа тайлбарлан, сахиурын өрөөтэй танилцах хүсэлтээ хэлэхэд “Засварт ороод хэдхэн хонож байна. Онгойлгох эрх байхгүй” гэсэн юм.
“Сүрьеэгийн эрчимт эмчилгээний тасаг манайх хоёр дундаа нэг сахиурын өрөөтэй. Хамгийн сүүлд 2017 онд засвар хийж, шалны хулдаасыг сольсон. Олон хүн орж, гардаг учраас яаж ч тордоод нэмэргүй” гэсэн юм. Харин уг өрөө рүү биднийг оруулаагүй. Эмч, сувилагчийн хэлснээр ихэвчлэн орон нутгаас ирсэн өвчтөнийг сахиж байгаа хүмүүс эл өрөөнд байрладаг гэнэ. Хөргөгчийг нь Эрчимт эмчилгээний тасгийнхан тавьжээ. Өвчтэй хүн сахиж буй иргэд хоолоо хийж идэг гэсэндээ тэр аж. Гэтэл хэнэггүй, “хүний л юм” гэсэн хандлагатай зарим этгээд авч ирсэн махаа өмхийрүүлж орхиод явах тохиолдол цөөнгүй гарсан тул хоол хийхийг хоригложээ.
Эмнэлгийн зүгээс томоохон ор бэлдэж өгөхөд өвчтөн сахиж буй нэрээр хоёр, гурваар зогсохгүй хүн ирж, гэртээ байгаа мэт “тухлах” болсноор мөн л гаргажээ. Тэр өдрийн жижүүр эмч н.Бурмаа “Хоёр тасгийн өвчтөний ар гэрийнхэн байрладаг тул асуудал их гарна. Хоорондоо таарахгүй муудалцах, бүр зодолдсон тохиолдол ч цөөнгүй. Мэдээж цэвэрхэн байрладаг нь ч бий. Олон хүн сайнтай, муутай шүү дээ. Ер нь “Би л болж байвал дараа нь орох хүмүүс хамаагүй” гэх үзлээсээ салмаар байна. Нийгмийн сүлжээгээр эмнэлгийн зүгээс огт анхаардаггүй мэтээр иргэд шүүмжилсэн байсан. Өдөрт хоёр удаа манай үйлчлэгч нар цэвэрлэдэг” гэсэн юм. Уг нь халдвартын тасаг гэдэг утгаараа ар гэрээс нь сахиур оруулдаггүй аж. Өрөөндөө нэг өвчтөнтэй, тус бүртээ сувилагчтай юм байна.
Хэдийгээр өдөрт хоёр удаа цэвэрлэдэг гэж буй ч нийгмийн сүлжээгээр тархсан зурагнаас харахад хэдэн өдөр цэвэрлээгүй, хир нь дагтаршсан хаалга, сандал харагдах эргэлзээтэй. Тэр тусмаа халдвартын эмнэлгийн эрчимт эмчилгээний тасаг гэдгээрээ бусдаас цэвэрхэн байх ёстой. Эмнэлгийнхэн ч өөрсдөө бурууг үүрэхгүйн тулд иргэд рүү 100 хувь “чихэж” байхыг үгүйсгэхгүй.
Нөгөө талаас өвчтөнүүдийн ар гэрийнхэн цэвэрхэн байрласан бол дээрх иргэд халуунд халж, бороонд норон, шуурга сөрж, гадаа зогсохгүй байсан биз. Бусдын хөдөлмөрийг үнэлдэггүй манайхны нэгэн жишээг дурдъя. 2018 оны гуравдугаар сард мөн л нийгмийн сүлжээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нярайн эргэлтийн танхимын зураг “од” болсон. Ханын будаг нь халцарч, хуучирч муудсан үүдний танхимыг хэсэг залуус нэгдэж, хандив цуглуулан засаж, янзалсан. Тухайн үед сая гаруйхан төгрөг цугларсан ч тов хийсэн засвар хийснийг сайшаах хүн олон байв. Гэтэл ганцхан жилийн дараа буюу энэ оны гуравдугаар сард тэр ажлыг санаачлагчдын нэг дахин нийгмийн сүлжээнд хандсан. Гэхдээ энэ удаа аль нэг газрыг засаж засварлах бус, ажлынхаа “үр шим”-ийг бусдад тайлагнасан байлаа. Хүүхдийнх гэдэг утгаар нь цэцэг, жимс зурж хэрэндээ л тохижуулсан хананд нь сайшааж магтаад байсан иргэд өнөөх л зангаараа “зураг” зуран, үсэг сийлж, эрээн мяраан болгосон байсан. Олны нүдэнд өртсөн нь энэ болохоос биш өөр хэчнээнийг сүйтгэж буйг хэлж мэдэхгүй. Энэ бүхэн хэн хэн нь хандлагадаа анхаарч, бусдад тээр болохгүй амьдрах соёлд суралцах цаг болсныг илтгэж буй биз ээ.