-Энэ нохойг авчих хүн байхгүй юм байх даа. Түвэгтэй юм...
-Хоол унд нь дийлдэхгүй...
-Үс ноос нь гэрээр нил...
-Хүүхэд урчих гээд байх юм, энийгээ зайлуулаач...
Нохойгоо адлан ширэв татаж, гар хөлөө далайн, барьснаа шидлэх эзэн. Харин өнөөх нь яриаг ойлгож, харц буруулан гийнсаар буланд шигдэнэ. Энэ дүр зургийг харах бүрт “Яагаад авсан юм бол? Эхнээсээ худалдаж авахгүй байсан нь дээр байж дээ” гэсэн бодол олонтой төрж байлаа. Зарим хүнээс яагаад худалдаж авсныг нь асуухад “Үс ноос нь ингэж их хөглөрдөг гэж мэдээгүй, ийм их зардалтайг нь мэдсэнгүй...” гэх. Өөрөөр хэлбэл, худалдаж буй нь “Хүнд ханьтай, хөөрхөн, эрүүл мэндэд сайн” гэхчилэн хамаг л сайн, сайхныг нь тоочин худалддаг санж. Иймээс урин дулаан цагт гэрт байсан нохой, муурын нилээдгүй нь хүйтрэхтэй зэрэгцэн “гудамжинд гардаг” аж.
Энэ асуудлын учрыг олох санаатай хэд хэдэн амьтны дэлгүүрээр орсон боловч худалдагч нар нь эл сэдвийг хөндөхөөс цааргалж буй нь илт. Харин ганц нэг нь “Бид хэцүү зүйлийг нь хэлчихвэл хэн худалдаж авах вэ, дээ” гэж ний нуугүй хэлсэн.
Ийнхүү шийдэл эрж явахдаа “Азтай савар” төрийн бус байгууллага байдгийг олж мэдэв. Тус байгууллага хаягдсан амьтдыг эмчлэх, эзэн олгох үйлчилгээ үзүүлдэг, ашгийн бус, сайн дурын байгууллага учир асуудлын тайллыг оноож магадгүй санагдсан юм. Одоогоор арав гаруй идэвхтэн гишүүнтэй энэхүү байгууллагын ТУЗ-ийн дарга Ц.Зориглонтой ярилцсанаа дор сийрүүллээ. Тэдэнд ямар санаа, сэдэл буй бол...
-Байгууллагынхаа үйл ажиллагааны талаар танилцуулаач.
-Манай байгууллагыг анх зураач С.Саранцацралт, хөтөч нохойтой, хараагүй иргэн н.Уянгаа зэрэг хэдэн хүн эхлүүлсэн юм.Тэд цаг зав багатай учраас бидний хэсэг залуус ажлыг нь үргэлжлүүлж байна. Манай байгууллага эзэнгүй нохойг эмчлүүлэх, эзэн олж өгөхөөс гадна спэй буюу үржил хаах мэс засал, заслага зэргийг хийлгэдэг. Мөн иргэдэд тэжээвэр амьтдын талаарх мэдээлэл хүргэж байна.

-Танай байгууллагын тодотголд “Амьтанд хайртай залуус” гэсэн байсан. Та бүхэн амьтанд хайртайгаа яаж “харуулж” байна?
-Бидний ажил сайн дурынх, мөн ашгийн бус. Бид нохой, мууранд спэй, заслага хийлгэх зардлаа эвент, үйл ажиллагаа зохион байгуулж, хэрэглэхгүй байгаа эд зүйлсийг нь бусдаас авч, худалдах зэргээс олж байна. С.Саранцацралт, С.Төгс-Оюун эгч нар заримдаа зургаа хандивладаг. Түүнийг нь дуудлага худалдаагаар зарах үе ч бий. Монголчууд хавар, зун нохой, муур их худалдаж авдаг. Зун хүүхдээ зугаацуулж байгаад хүйтрэхээр олонх нь гудамжинд хаядаг. Энэ бол олон жилийн судалгаагаар батлагдсан зүйл. Мөн спэй, заслага хийлгэдэггүй. Түүнийг хийх нь тэднийг хайрлаж буй хэрэг. Тэгэлгүй олшрохоор нь устгана гэдэг хайрлаж байгаа хэрэг биш шүү дээ. Эдийн засгийн хувьд ч хохиролтой.
-Заслага, спэйн талаар жаахан дэлгэрүүлбэл?
-Америкийн “SPAY USA” гэх байгууллагын судалгаагаар нэг хос нохой зургаан жилийн хугацаанд 67 000 болж үрждэг гэсэн мэдээ байдаг. Нэг хос нохой ингэж үрждэг бол үүнийг сааруулах арга нь спэй, заслага. Дээрх мэс заслыг нохой, муурынхаа нас, бие зэргээс хамаарч 80-100 мянган төгрөгөөр хийлгэж байна. Манайх 2014 оноос хойш 1000 орчим нохой, мууранд , спэй, заслага хийлгээд байна. Харин төрөөс эзэнгүй нохой, муурын асуудлыг устгалаар шийддэг. Нэг нохой эсвэл муурыг 12 000 төгрөгөөр устгадаг. Одоо үүний зардал Нийслэлд л гэхэд тэрбум төгрөг давсан. Жилд 100 мянган нохой устгаад байхад эзэнгүй нохойн тоо багасахгүй байгаа нь замбараагүй үржлийн уршиг. Хүмүүс хэлдэг л дээ “80-100 мянган төгрөгөөр заслага хийлгэснээс 12 000 төгрөгөөр буудсан нь дээр биш үү” гэж. Нохой жилд хоёр удаа гөлөглөдөг. Нэг удаадаа 6 орчим гөлөг гаргана. Харин хавар гарсан гөлөг намар нь гөлөглөж эхэлдэг. Тэгэхээр өнөөдөр нэг нохойг 80-100 мянгаар засах уу, эсвэл жилийн дараа 12 нохой буудах уу гэдгийг тооцоолох хэрэгтэй.

-Заслага, спэйг дуулвал амьтны эрхэнд халдлаа гэх хүн гарч ирж магадгүй юм.
-Тэгж ярьдаг хүмүүс байдаг. Зэрлэг нохойнд мэдээж хэрэггүй. Тэд байгалийнхаа жамаар явж байгаа. Харин бид суурин амьдралд нохой, муурыг гэршүүлсэн. Тэгэхээр үүнийг зөнд нь орхиж болохгүй. Нэгэнт л тэжээвэр болгосон учраас үүнийг хүний оролцоотой шийдэх ёстой.
-Нохой, мууранд зориулсан хуулийн төсөл зэхэж байгаа гэж сонссон.
-Монгол Улс, ан амьтан, мал сүргийн тухай хуультай. Гэхдээ муур, нохойн хууль байдаггүй. МУИС, ТИС-ийн хэсэг эрдэмтэдтэй хамтран хуулийн төслийг боловсруулж байна. Тэр төсөлд нохой үржүүлдэг бол татвар төлөх тухай орж байна. Үнэхээр цэвэр цусны нохой үржүүлж байгаа хүмүүс бий. Тэд их хөдөлмөр гаргаж байгаа. Ийм нохой үнэтэй байх ёстой. Сая төгрөг гэдэг ч бага. Гэвч 200, 300 мянган төгрөгний үнэтэй нохой зардаг бүлэг үүссэн. Энэ бол маш хямдхан. Маш хямдхан болохоор хүүхдээ зугаацуулж байгаад, залхахаар нь хаядаг. Үүнийг татвараар зохицуулж болно. Мөн эзэнд нь хариуцлага тооцох турхай ч оруулж байгаа. Хэрэв үнэтэй бол авах хүн бодно шүү дээ. Монголчууд нохойнд хайргүй. Дээр нь үнэхээр хямдхан. Хүмүүст уриалахад өндөр үнэтэй нохой худалдаж ав, эсвэл үнэхээр нохойнд хайртай бол манайх шиг ийм байгууллагуудын аварсан нохойг үрчилж авах хэрэгтэй. Хууль батлагдчихвал эдгээр асуудал шийдэгдэнэ гэж найдаж байгаа.
-Эзэнгүй муур, нохой бэртэж гэмтсэн байх нь хэр элбэг вэ?
-Их шүү. Буудуулсан нохой их олддог. Хүзүүндээ буудуулаад үхээгүй нохойг эмчлээд гадаадад эзэнтэй болгосон тохиолдол бий. Эсвэл хүүхдүүд биеийг нь нилд нь будчих үе байна. Тэр болгоныг яриад дуусахгүй байх.
-Гадаадад туршилтын хугацаатай авч, тэжээж байгаад бүрмөсөн авах эсэхээ шийддэг тухай сонсож байсан. Манайд тийм дэлгүүр байдаг уу?
-Тийм дэлгүүр байхгүй. Гадаад орнуудад худалдаж авах хүмүүсээр асуумж бөглүүлдэг. Танай байрны хэмжээ хэд вэ, өдөрт хэдэн цагийг нохойнд зарцуулж чадах вэ, гэр бүлийн гишүүдийн тоо, хэдэн насны, хичнээн хүүхэдтэй вэ, гэхчилэн. Түүнийг нь үндэслээд тохирох нохойг нь санал болгодог.

-Тэгэхээр, өнөөдрийн ярилцлага маань нохой, муур хаягдаж байгаа тухай. Түүнийг тойрсон асуудлууд. Та нохой, муур худалдаж авах гэж буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?
-Гэрийн тэжээвэр амьтан тэр дундаа нохой, муур авах гэж буй хүн юуны түрүүнд санхүүгээ төлөвлөх хэрэгтэй. Ханиад хүрвэл эмчлүүлэх зардлыг нь тооцоолох. Нохой эмнэлэгт хэвтэхэд өдөрт 30-40 мянган төгрөг. Мөн цаг заваа сайтар бодох. Нохой 10-15 жил амьдардаг. Тэгвэл, бороо, цастай ч бай өдөр бүр 2-3 удаа салхилуулж чадах уу. Бас гэр бүлийн гишүүддээ харшлын сорил хийлгэж байгаад аваарай. Нохойны үйлдрийг сайн судал. Жишээ нь, Хаски үйлдрийн нохой бол гэр дотор бүү хэл хашаанд ч тохиромжгүй. Тэр бол цана, чарганд хөллөх нохой шүү дээ. Малч нохой ч биш. Мөн гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөрэй. Эхнэр жирэмсэн болчихлоо, эсвэл манай хүү гадаадад сургуульд явахаар болсон тэгэхээр энэ нохойг хүнд өгмөөр байна гэдэг. Иймэрхүү байдлын улмаас нохой, муур их хаягддаг.
Нийслэлийн хэмжээнд 300 мянган золбин муур, нохой бий гэх Зоонозын үндэсний төвийнхний судалгаа бий. Жилдээ 100 мянган нохойг нэг бүрийг нь 12000 төгрөгөөр устгахын тулд 1.2 тэрбум төгрөг нийслэлчүүдийн халааснаас гарч байна. Энэ тоо жилээс жилд өсөж буй. Харин, эдгээр золбин муур, нохойн хэд нь эзэндээ хаягдсан бол гэдгийг бодвол зүгээр өнгөрөх аргагүй. Учир нь хүн бид үүнд хариуцлагатай хандаж, шийдэлд хүрч чадвал устгагдах нохойн тоог багасгах боломжтойгоос гадна эдийн засагт ч хувь нэмрээ оруулж чадна.
