Уран барималч Халтарын ХадхҮҮ
-1971 онд Улаанбаатар хотод төрсөн
-1991 онд ДУДуС төгссөн
-1993 онд Дүрслэх урлагийн коллеж
төгссөн.
Манай сонины Чөлөөт цаг, танин мэдэхүйн алба та бүхэнд урлаг соёл, амралт, чөлөөт цагийн мэдээллийг цаг алдалгүй хүргэж ирсэн билээ. Тэгвэл энэ дугаараас эхлэн мэдээллээ улам өргөжүүлж, дүрслэх урлаг, театр, кино, ном, дуу хөгжим гээд урлагийн олон талыг хамруулж илүү сонирхолтой хэлбэрээр хүргэж байхаар боллоо. Чухам хэрхэн өөрчлөгдөхийг та дараагийн дугааруудаас хараарай. Түүнчлэн санал хүсэлтээ ирүүлэхээ ч битгий мартаарай. Учир нь сонины салшгүй нэг хэсэг, басхүү хамтран туурвигч нь уншигч та билээ.
Урлагийн бүтээлийн үнэ цэнэ юунд оршдог вэ? Дахин давтагдашгүй чанар уу, уран бүтээлчийн үзэл бодлын тунхаглал уу. Гоёмсог дүрслэл, чухал санаа хоёрын аль нь чухал вэ. Сүлжмэлийн үйлдвэрт байрладаг “Design park” галерейд өнгөрсөн баасан гаригт барималч Х.Хадхүүгийн “Занабазарын сургууль” үзэсгэлэн нээгджээ. Сүүлийн үеийн ихэнх үзэсгэлэнгээс анзаарагдсан “би” гэх аминчхан үзэл тэнд огтоос байхгүй. Харин оюун ухааныг арвижуулагч, саад зэтгэрийг арилгагч, тус бүтээгч, цаглашгүй гэрэлтэгч бурхдын дүр бий.
Магадгүй үзэсгэлэн бус музей, эсвэл Ганданд ирсэн мэт сэтгэгдэл танд төрөх байх. Танхимд дэлгэсэн 27 бүтээл Х.Хадхүүгийн арав гаруй жилийн судалгааны үр дүн. Түүний хувьд Монголын нэрийг гаргасан урлагийн төрлийг авч үлдэх, хойч үед уламжлуулах нь чухал. Уран бүтээлийнх нь үнэ цэнэ ч үүгээр тодорхойлогдоно. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр үзэгчдээс сэтгэгдлийг нь асуухад “Сайхан үзэсгэлэн байна. Гэхдээ Г.Занабазарын хийснийг давтах хэрэг бий гэж үү” хэмээсэн. Тэр асуултыг Х.Хадхүүд тавибал “Занабазарын сургууль бол дэлхийд Монголын нэрийг гаргасан урлагийн чухал төрөл.
Энэтхэг, Төвд, Балбад ч бурхдын хөрөг, баримлыг бүтээдэг. Гэхдээ тэдний аль нь ч Г.Занабазарын хийцийг гүйцдэггүй. Нэгэнт үеэ өнгөрөөсөн гээд уг төрлийг хаяж болохгүй. Арга техник нь өнөө хүртэл уламжлаагүй гэсэн шалтгаанаар ойшоохгүй байх нь түүх рүүгээ нулимсан хэрэг. Тиймээс Өндөр гэгээний үлдээсэн их өв хийгээд арга барилыг авч явах нь уран бүтээлчийн үүрэг” гэв. Тэрбээр эдгээр бүтээлийг туурвихдаа лам хувраг, эрдэмтдээс зөвлөг өө авч, түүхийн эх сурвалжийг нэлээд судалжээ. Гэхдээ шашны үзэл баримтлалаас илүүтэй урлагийн талыг нь барьж бүтээл туурвисан гэнэ. Г.Занабазарын дэг сургуулийн онцлогоос дурдвал:
* Тухайн бурхныг хүмүүн бусын ихэмсэг дүртэй гаргахаас татгалзаж, энгийн хэрнээ энэрэнгүй, монголжуу төрхтэй урладаг.
*Баримлыг ямар ч залгаасг үй цутгаж хийдэг.
* Хөдөлгөөн бүрийг нь нэг бүрчлэн тусгасан уран нарийн хийцтэй.

XVIII зууны үеийн Энэтхэгийн нэгэн сударт Г.Занабазарын бүтээлийг “Монголын их хувилгаан Г.Занабазарын бүтээсэн Дарь эхийн мэлмий нь тэгш дэлгэр, талибуун бөгөөд угалзтай шулуун хамрыг тод сайхан гаргаж, нүүр дүүрэн мишээл болоод төв ихэмсэг байдлыг нь уруулын доорх ялимгүй инээмсэглэлд уусган шингээж, үе гишүүн бүхнийг нь (гар, хөл, бие) дэлгэрэн боловсорч буй найлзуур мод мэт орь залуугийн шинж төгс бүрдсэнээр бүтээжээ” хэмээн тэмдэглэсэн байдаг аж. Өндөр гэгээн дэлхийн урлагийн түүхэнд Азийн Микеланжело хэмээн алдаршиж, бүтээл туурвил нь хосгүй үнэт өв болсон билээ.
Түүний урлахуйн арга барил, дэг жаягийг “Занабазарын сургууль” хэмээн нэрлэж, олон шавь нь үргэлжлүүлсэн. Гэсэн ч XIX зуун гэхэд цаг үеийн ороо бусгаа байдлаас болж тэрхүү дэг алдагдсан аж. Тэгвэл уран барималч Х.Хадхүү үүнийг сэргээж, Монголын орчин үеийн урлагт “Занабазарын сургууль”- ийг төлөвшүүлэх хэрэгтэйг уг үзэсгэлэнгээрээ тунхаглаж байна. Сүүлийн үед уран бүтээлчид үндэсний уламжлалаа контемпорари урлагтай хослуулан бүтээл хийдэг болсон нь сайшаалтай. Тэгвэл мартсанаа санах, алдсанаа олох нь ч урлагийн хөгжилд чухал болохыг уг үзэсгэлэн сануулж байна.
Б.Эгшиг