
Шадар сайд С.Амарсайхан Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүллээ. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, худалдаа, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, ложистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлэх”-ээр тусгасан. Мөн уг баримт бичигт “Олон улсад өрсөлдөх чадвартай бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлнэ” хэмээх зорилт бий. Эдгээрийн хүрээнд 2021-2030 онд чөлөөт бүсийг хөгжүүлж, хил дамнасан худалдааны байнгын сүлжээг байгуулахаар заасан. Одоогоор Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа байгуулагдан ажиллаж буй.
Тэнд эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар нүүдлийн соёлын үнэт зүйлсийг харуулсан аялал жуулчлал, төлбөрт таавар, бусад бооцоот тоглоом, дагалдах үйлчилгээ, соёлын бүтээлч үйлдвэрлэл, худалдаа, олон улсын банк санхүүгийн төв бүхий аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн бүстэй болно хэмээн тооцсон байна. Мөн шинжлэх ухаан, дэвшилт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан экспортын баримжаатай үйлдвэрлэл, инновацын бүс бий болох юм байна. Цаашлаад Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээврийг хөнгөвчлөх, хөрөнгө оруулалтыг дэмжсэн, санхүү эдийн засгийн зангилаа “Транзит Монгол Улс” болох зэрэг олон боломж бүрдэнэ гэж үзжээ. “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон түүний үзэл баримтлалд заасан “чөлөөт бүс байрлах бүс нутагт авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал зэрэг шаардлагатай дэд бүтэцтэй байх” гэсэн шаардлагад нийцэж байгаа аж.