Японы Ерөнхий сайд Наото Кан албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн тухай ВВС мэдээлэв. Тэрбээр эрх баригч Ардчилсан намын тэргүүний үүрэгт ажлаа ч хүлээлгэж өгөх хүсэлтээ илэрхийлжээ. Ирэх даваа гаригт буюу энэ сарын 29-нд тус намын шинэ тэргүүнийг сонгосны дараа Наото Кан албан ёсоор ажлаа хүлээлгэж өгөх гэнэ. Энэ оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн улмаас учирсан хохирлыг барагдуулах талаар дорвитой арга хэмжээ аваагүй хэмээн ард түмэн Ерөнхий сайдыг шүүмжилж байсан билээ. Тэрбээр “Фүкүшима-1” АЦС-д гарсан осол болон байгалийн гамшгийн үеэр учирсан хохирлыг барагдуулахаар хүлээсэн үүргээ гүйцэтгэсний дараа албан тушаалаасаа огцорно хэмээн мэдэгдэж байв. Японы шинэ Ерөнхий сайдаар Сангийн сайд Йосихико Ноду, Гадаад хэргийн сайд асан Сэйжи Маэхара нарын аль нэг нь томилогдох магадлалтай хэмээн ажиглагчид онцолжээ.