Одоогоос 70 гаруй жилийн өмнө Гватемалд ажиллаж байсан америк эмч нар хүмүүст БЗХӨ санаатайгаар халдааж байсан хэмээн ВВС агентлаг мэдээлжээ. Тус улсын 83 иргэн заг хүйтэн, тэмбүү өвчнөөр нас бараад байгаа аж. Пенициллинийг Гватемалын хоригдлууд дээр туршихын тулд эмч нар эхлээд тэдэнд БХӨЗ халдаасан гэх таамаглалыг мэргэжилтнүүд дэвшүүлсэн гэнэ.
Биоэтикийн асуудлыг судлах АНУ-ын комисс 1946-1948 онд Гватемалын хорих ангид хүмүүжиж байсан, сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлсэн 5500 хүнийг судалгаанд хамруулсан аж. Судалгаанд оролцсон хүмүүсийн 1300 нь америк эмч нараар эмчлүүлж байхдаа заг хүйтэн, тэмбүү өвчин туссан байжээ. Тэдний зарим нь нас барсан, зарим нь хожим эмчлүүлсэн, харин нэлээд нь БЗХӨ туссанаа мэдээгүй явсан аж. Хүний эрхийг хамгаалах олон улсын байгууллагууд энэ хэргийг нарийвчлан судлахыг шаардаж байна.
Үүний зэрэгцээ “Эмч нар БЗХӨ санамсаргүй халдаасан байх. Эмний үйлчилгээг туршихын тулд хүмүүст зориудаар өвчин халдаагаагүй” хэмээн АНУын мэргэжилтнүүд мэдэгдсэн гэнэ. Энэ талаар хийсэн судалгааны эхний тайланг ирэх есдүгээр сард тавих юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Гватемалын Төрийн тэргүүн Альваро Коломоос уучлалт хүсэн, эмгэнэл илэрхийлжээ.