
Бразилын Рио-де-Жанейро мужийн уулархаг бүс нутгийн Петрополис хотод хүчтэй аадар бороо орж, үер буун, хөрсний гулгалт болсны улмаас 94 хүн, тэдний дотор найман хүүхэд амиа алдсан тухай аврах албаныхан мэдээлснийг “Globo” телевиз уламжлав. Аврагчид нурангин дороос 24 хүнийг гаргаж чадсан бөгөөд одоо 35 хүнийг эрэн хайх ажлаа үргэлжилж байна. Уг ажиллагаанд 400 аврагч, 200 цагдаа, мөн цэргүүд болон сайн дурынхан оролцож буй. 1932 оноос хойш ийм ширүүн бороо ороогүй гэж мужийн захирагч Клаудио Кастру мэдэгджээ. Тэрбээр гамшгийн уршгийг арилгахын тулд байгууллага хоорондын уялдаа холбоог зохицуулахаар тус хотод ажиллаж байна. Байгалийн гамшгийн үеэр онцгой байдлын албанд 190 шахам хөрсний гулгалт, 230 жижиг ослын талаар мэдээлэл ирсэн гэнэ. Гамшигт өртсөн орон сууцын 80 барилгын 54 нь бүрэн сүйджээ. Петрополис хотод зургаан цагийн дотор 260 мм бороо орсон байна. Тус хотын эрх баригчид гашуудал, онц байдал зарлажээ. Ойрын өдрүүдэд дахин бороо орохыг цаг уурчид мэдээлсэн аж. ОХУ-д айлчилж байгаа Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст Засгийн газраас тусламж үзүүлэх, мөн гамшгийн уршгийг арилгахад цэргүүдийг татан оролцуулахыг үүрэг болгосноо нийгмийн сүлжээгээр мэдээлжээ. Бразилийн хойд, төв болон зүүн өмнөд нутагт зуны улиралд (арванхоёрдугаар сарын сүүлээс гуравдугаар сарын сүүлч хүртэл) хур тунадас элбэг. Энэ нь Амазоны халуун бүсийн ойгоос зүүн өмнө зүгт Атлантын далай руу чиглэсэн, дулаан чийглэг агаарын хөдөлгөөнөөс үүдэлтэй гэнэ.