
МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийн талаар мэдээлж байна. Урьдчилсан байдлаар намынхаа 5 гишүүнийг намаасаа хөөж, нэр бүхий гишүүдийг УЗ-өөс хасахаар болжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-аас хасжээ. Мөн Ж.Эрдэнэжамъян, Б.Даваасамбуу, Э.Цасчихэр, Г.Батсайхан, Д.Дуламсүрэн нарыг МАН-ын бага хурлын гишүүнээс хасах шийдвэр гаргасан аж.
Энэ талаар тус хяналтын хорооны дарга Б.Баярбаатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "МАН-ын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар өнөөдөр хэлэлцлээ.
МАН-аас улс төрийн өндөр албан тушаалд нэр дэвшин сонгогдож ажиллаж байх хугацаандаа авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан тохиолдолд өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ 30 хоногт ирүүлдэг. Ингээгүй тохиолдолд Хяналтын ерөнхий хороо хуралдаж, намын гишүүнээс нь түдгэлзүүлэх заалт бий. Мөн намын гишүүн нь цаг хугацаанаас үл хамаарч авлига албан тушаалын гэмт хэрэгт буруутай нь шүүхээр тогтоогдож, ял шийтгэл эдэлж байсан бол намын сонгуульт албан тушаалт нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй, улс төрийн бүх сонгуульд нэр дэвших боломжгүй болгох юм. Эдгээр дүрмийн дагуу өнөөдрийн хуралдаанаар таван хүнийг намын гишүүнээс хаслаа" гэлээ.