Хууль, хүчний байгууллага, шорон, оффис, дүүргийн гэх мэт хэн нэгэнд ашигтай барилгуудыг хоёр, гуравхан жилийн дотор барьдаг жишиг Монголд тогтжээ. Харин эмнэлэг, номын сан, сургууль, цэцэрлэг гэх мэт олон нийтэд зайлшгүй хэрэгтэй барилга болохоор хөрөнгө мөнгө, сэтгэл дутсанаас ашиглалтад оролгүй хэдэн төрийн нүүр үздэг. Өөрт нь ашиггүй болохоор лоббидох албан тушаалтан ховор. Ганцхан жишээ хэлэхэд Түлэнхийн төв өөрийн гэсэн байргүй 10 жилийн нүүр үзлээ. Төрийн байгууллагуудын барилга данхайж, түмнийх дуншсаар байгааг цөөн хэдэн зургаар үзүүлье.


Айлын тогоо өнгийсөн шоовдор хүүхэд шиг болоод 10 жилийн нүүр үзэж буй Түлэнхийн төв өдгөө ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтлийн тасагт толгой хоргодож байна. 2011 онд нурах аюултай хэмээн акталсан тус төвийн хуучин барилгыг 2014 онд буулгасан ч өдий хүртэл шинийг ашиглалтад оруулаагүй. Жилд дунджаар 6000 гаруй хүн гал түймэр, цахилгааны аюулд өртөн түлэгдэж, эмнэлгийн тусламж авдаг гэсэн тоо бий. 2022.02.10

Өмнө нь дөрвөн давхар байшинд багтдаг байсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэ байр. Үйлчилгээ авахаар очиход харьяа дүүргийнхээ Улсын бүртгэлийн хэлтэст ханд гэх юм билээ. Ингэж байхаар энэ гоё байрандаа нэг эмнэлэг оруулчихдаггүй юм байх даа.
“Гэрлийн хурд”-аар боссон Цагдаагийн ерөнхий газар, Улсын мөрдөн байцаах газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны шинэ байр. 30 тэрбумаар барьсан гэх ХЗДХЯ-ны байр дотроо биеийн тамирын заалтай, хэтрүүлж хэлбэл, орд харшид орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Өмнө нь аль ч дүүргийн ЗДТГ 2-3 давхар байшинд үйл ажиллагаа явуулж болоод байсан. Харин өдгөө бүгд тэнгэр баганадсан өндөр барилгад ажиллаж байна. Мэдээж үүнийг дагаад хүний тоо ч нэмэгдэж, төрийн бүтэц улам данхайх болов.

2008 оноос хойш удаа дараа шав тавьсны эцэст 2014 онд барилгын ажлыг нь эхлүүлсэн Үндэсний номын сангийн шинэ барилгын явц. Барилгыг яг хэзээ ашиглалтад оруулах нь одоо ч тодорхойгүй. 2022.01.27
Гэрэл зургийг Ц.БАЯРБААТАР





