
Монгол Улсад амьдарч буй 90 гаруй Украин иргэд болон тус улсад их дээд сургууль төгссөн хүмүүсийн төлөөлөл өнөөдөр “Beatles”-ийн хөшөөний дэргэд үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал хийлээ.
Украины иргэн Игорь хэлэхдээ “Монголд чөлөөтэй хэвлэл мэдээлэл байдаг. Харин ОХУ-д жинхэнэ чөлөөтэй хэвлэл мэдээлэл гэж байхгүй. Тэнд“порпоганда” бий. Үнэн зөв мэдээллийг олон талаас авч, өөрсдийн дүгнэлтийг гаргадаг байгаасай гэж хүсэж байна. Хэн дэлхий дахиныг дайны аюулд түлхэж, дайрч довтолж жирийн хүмүүсийг алж байгааг та бүхэн тунгаан бодох хэрэгтэй. Үүнийг ялгаж салгахыг хүсье. “Украинская правда” –гаас жинхэнэ бодит мэдээллийг авч болно. Боломжтой гэвэл Украинаас аврагдсан Монгол залуусаасаа асуугаарай. Тэд нар одоогоор сэтгэл зүйн хүнд байдалд байгаа байх. Хэсэг хугацааны дараа үнэн бодит мэдээллийг өгөх биз ээ. Эсхүл шууд Украин хүнд хандаарай.

Энэ найман жилийн хугацаанд 15,000 гаруй украин хүн амиа алдсан. Үргэлжлэл нь одоо болж буй үйл явдал. Жирийн энх тайван байсан хотуудыг бөмбөгдөж байна. Манай аав, эгч, гэр бүл нь шөнө бүр зоорийн давхарт хоргодож, зугтаж хонож байна. Түгшүүрийн дохио байнга хангинаж байгаа" хэмээв.
Жагсаал маргааш Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайд үргэлжлэх юм байна.


