
“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компани 2021 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа цахим хуудсандаа танилцууллаа. Өнгөрсөн жил “Оюутолгой” компани 163 мянган тонн баяжмал дахь зэс (өмнөх оныхоосоо есөн хувиар илүү) үйлдвэрлэжээ. Мөн 468 мянган унци (157 хувиар өссөн) баяжмал дахь алт үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн эдгээрийн дундаж үнэ 53.4 болон 2.4 хувиар дээшилснийг дурдав. Орлого нь 1.97 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхоос 82.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Дээрх хугацаанд боловсруулсан хүдрийн хэмжээ 39.1 сая тоннд хүрсний нэг сая нь гүний уурхайнх байсан аж.
2021 оны эцсийн байдлаар “Оюутолгой”-н боловсон хүчний тоо (гэрээт ажилтан багтсан) 14 400-д хүрсний 96 хувь нь монголчууд байжээ. Хүдрийн агуулгаас шалтгаалж тус компани энэ жил 110-150 мянган тонн баяжмал дахь зэс, 115-165 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөвтэй гэнэ.