
МАН-ын 30 дахь их хурлаар гаргасан түүхэн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх ажил улс орон даяар ид өрнөж буй энэ цаг үед олон нийтийн санал, санаачилга эрхэм чухал гэдгийг үндэслэн, нэгэн шинэлэгдүү санаагаа хэвлэлээр дамжуулан илэрхийлж байна.
Нийслэл Улаанбаатар хот хөгжиж, сүүлийн 30 жилд хүн ам нь гурав дахин өслөө. Улсын хэмжээнд нэг ам км дэвсгэр нутагт 2.2 хүн оногддог. Харин Улаанбаатарт нэг ам км-т 300 хүн оршин сууж байна. Улмаар хүн ам дөрвөн уулын дундах Туул, Сэлбэ голын уудам хөндийд багтахгүйгээр дүүрч, шил толь болсон өндөр барилга, ордон хэдэн зуугаар сүндэрлэн босов. “Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаар үйлдвэрлэж, худалдаа, үйлчилгээний 86, их, дээд сургуулийн 90, ахуйн үйлчилгээний 86, аж ахуйн нэгжүүдийн 81 хувь нь зөвхөн нийслэлд төвлөрч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс нэг хот-улс болжээ” гэж “Монголын үнэн” сонины 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны дугаарт бичжээ. Хөгжил бол тоон үзүүлэлтээс гадна чанарын утгаар хэмжигдэх нь ойлгомжтой. Хотын хөгжлийн чанар бол иргэдийн амьдрах ая тухтай орчин, амьжиргааны түвшин сайжрах явдал юм. Гэтэл нийслэлийн хүн амын 30 хувь нь ядуу гэдэг ангилалд орж, хөрс, агаарын бохирдол, ундны цэвэр усны хомсдол хэрээс хэтэрчээ. Авто замын түгжрэл нийслэл төдийгүй улс орны өмнө тулгамдсан гамшиг боллоо. Үүнээс үзвэл хөгжил нь бас сөрөг үр дагавар авчирдаг ажээ. Энэ хүндрэл бэрхшээл бол эх оронд минь харш, томоохон байгалийн (бусад оронд тохиолддог цунами, хар салхи гэх мэт) гамшиг биш. Ердөө л бидний өөрсдийн бүтээсэн, унхиагүйн гамшиг юм. Төр, засаг энэ хүндрэл бэрхшээлээс гарах арга замыг эрж, дагуул хот, дэд төвүүд байгуулах, “Богд хан” төмөр зам барих зэрэг арга хэмжээ авч байгаа. Гэсэн ч эдгээр нь түр аргацаасан, ойрын хугацааны арга хэмжээ болж, ашигтай үр дүнд хүрэхгүй, харин ч зарим талаар иргэдийн нийслэл рүү тэмүүлэх хүслийг дэвэргэх юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлж байна. Тэгвэл ямар ажил өрнүүлбэл илүү үр дүнд хүрч болох вэ? Хэдэн жилийн өмнө Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх төсөл боловсруулж, тулгуур төв хотуудыг нэрлээд, газрын зураг хүртэл хэвлэж, нэлээд ажил өрнөсөн. Гэсэн ч сонгуулийн хийрхэл, намчирхал, нутгархах мугуйд үзлийн хандлагаас болж хэрэгжүүлээгүй. Тэгвэл МАН-ын 30 дахь их хуралд Ерөнхий сайдын тавьсан зургаан багц асуудлын нэгт яг энэ бүсчлэн хөгжүүлэх нь төрийн бодлогын хэмжээнд орж ирлээ. Бүсчлэн хөгжүүлэх бодлого бол Монгол орны нутаг дэвсгэрийг газар зүйн хувьд төдийгүй нийгэм, эдийн засаг, соёлын уламжлалт хөгжил, түвшнээр нь цөөн тооны бүс нутаг болгон, тэнцвэртэй хөгжүүлэх гэж ойлгогдоно. Чухамдаа яаж бүсчлэх вэ гэдэгт олон санал байж болох ч энэ бичвэрт дараах хувилбарыг оруулж байна. Угтаа бол нийслэл хот улс орны хөгжил дэвшлийн түүчээ болох учиртай. Гэсэн ч одоо хэт ачааллын улмаас хөгжлийн тушаа болох төлөвтэй байгаа. Иймд нэг хот-улсын төлөвөөс олон төвтэй улсын загварт шилжих зайлшгүй шаардлагатай юм. Улс орны хөгжилд тулгуур болох, нийслэлтэй өрсөлдөхүйц хотуудтай байх нь бүсчлэн хөгжүүлэхтэй холбогдсон нэг л цогц асуудал.
Хэдэн жилийн өмнө гаргасан, улсын нутаг дэвсгэрийг таван бүс болгож хөгжүүлэх гэсэн дэвшилттэй төсөлд түшиглэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт зохих өөрчлөлт оруулах санал дэвшүүлж байна. Ингэхдээ таван бүс гэж нэгмөсөн таван аймаг болгох замаар бүтцийн өөрчлөлт хийх нь зүйтэй. Үндсэн хуулийн 57.3-т “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчилж болохыг хориглоогүй, нээлттэй үлдээсэн гэж ойлгогдохоор байгаа юм. Тиймээс таван аймаг болгох саналыг дараах байдлаар төсөөлж байна.
Алтай аймагт одоогийн Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан аймаг. Аймгийн төв Ховд хот
Хангай аймагт одоогийн Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймаг. Аймгийн төв Хар хүрэм хот
Хэнтий аймагт одоогийн Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймаг. Аймгийн төв Мандалговь хот
Дорнод аймагт одоогийн Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр аймаг. Аймгийн төв Хэрлэн (Чойбалсан) хот
Туул (Улаанбаатар) нийслэл хот. Багануур, Багахангай, Өлзийт, Хөшигийн хөндий, Жаргалант (Партизан) хороолол нийслэлд харьяалагдана.
Дархан, Эрдэнэт, Чойрыг зөвхөн хотын харьяаны дэвсгэр нутгаар хязгаарлаж, улсын статустай хот болгох.
Ингэж бүсчлэхэд хангай, хээр тал, говийн байгалийн бүсүүд жигд хуваарилагдаж, нутаг дэвсгэрийн хэмжээ ч ойролцоо болсон нь харагдана. Шинэ аймгуудын төвийн улстөржсөн Чойбалсан, Сүхбаатар, Улаанбаатар гэх мэт нэрийг халж, эх орныхоо өндөр уул нуруу, гол, мөрний нэрээр нэрлэх санаа оруулж байна. Одоогийн аймгийн төвүүдийг сумд дундын загвар, орон нутгийн хот болгож хэвээр үлдээнэ. Сүхбаатар хотыг Сэлэнгэ гэж нэрлээд, Сайншанд, Сэлэнгийг улсын зэрэглэлийн үйлдвэр, худалдааны төв болгон хөгжүүлэх боломжтой. Зуунмод хот нийслэлийн бүсэд орж ирэх төлөв харагдаж байна.
Аймгуудийг эмхэтгэснээр сумын тоо ч цөөрнө. Ойролцоогоор 200 орчим сум, дүүрэгтэй, 900 орчим баг, хороотой байх боломжтой. Ингэж эмхэтгэж, цөөлсний ач холбогдол нь бараг тайлбарлалтгүй ойлгогдох тул нуршсангүй. Уг цомхотгол нь хуучны дөрвөн аймаг, Ховдын хязгаар гэж байсан уламжлалыг сэргээсэн. Үүний дээр одоогийн хэт жижгэрсэн буюу 21 аймаг, 330 сум, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг эмхэтгэвэл төсвийн хэмнэлт гарна. Аймгийн төвүүдийг 200 мянгаас доошгүй хүн амтай, нийслэлээс дутахааргүй, өрсөлдөхүйц ахуй байдлын хангамжтай, улсын зэрэглэлийн хот болгож чадахаар төсөөлөгдөж байна. Тэдгээр хот нь аймгийнхаа хэрэгцээг бүрэн хангаж, экспортлох чиглэлийн хөнгөн, хүнсний үйлдвэрүүдтэй, эмчилгээ, шинжилгээний төхөөрөмжөөр хангагдсан, гуравдугаар шатлалын нэгдсэн эмнэлэгтэй, хэрэгцээт хүний нөөцөө бэлтгэдэг их, дээд сургуультай, театр, соёлын төв, эрдэм шинжилгээний хүрээлэн, хэвлэх үйлдвэр, худалдаа бизнесийн том төвтэй, эрчим хүчний найдвартай хангамжтай байх зэргээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Ийм нөхцөлд орон нутгийн иргэд нийслэлд байнга ирэх шаардлагагүй болно. Улмаар орон нутаг хөгжихийн хамт улсын нийгэм эдийн засаг, соёлын хөгжлийг урагш ахиулахад түлхэц болох магадлалтай.
Манай улсад 1940 оноос хойших сүүлийн 70 гаруй жилд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарьт өөрчлөлт ороогүй. Аймаг дотор гурван аймаг байгуулсныг эс тооцвол шүү дээ. Гэтэл нийгмийн байгуулал өөрчлөгдсөн одоогийн нөхцөлд хуучин үеийн төвлөрсөн төлөвлөгөөт, захиргаадсан удирдлагын яриа хоцрогдоход хүрсэн. Харин иргэдийн өргөн оролцоо, чөлөөт сонголтод түшиглэсэн, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн удирдлага, чиг үүргийн шинэ тогтолцоо зүй ёсоор шаардагдаж байгааг харгалзвал зохилтой.
Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшлийн шинэ зууны том зорилт өнөө цагт тавигдаж байгаа. Энэ цаг үед тохиосон боломжийг ашиглаж, аймгуудаа томруулан, нийслэлтэй дүйцэхүйц хэдэн том хоттой болох хэрэгтэй. Цаашлаад хотуудаа хурдны болон төмөр замаар холбоод авбал зам дагаж хөгжил ирдэг жам ёсоор улс оронд маань үсрэнгүй хөгжил ирэх биш үү. Хамгийн гол үр дүн бол нийслэл хотын тулгамдсан хүндрэл бэрхшээлийг даван туулж, хот, хөдөөгийн ялгааг арилган, тэнцвэртэй хөгжүүлэх бололцоо нээгдэхэд оршиж байгаа юм. Монгол орон хэдий хүртэл хэдэн зуун, мянган жил жалгаар нэг тархсан нүүдлийн мал аж ахуйтайгаа зууралдах вэ дээ. Дэлхий нийтийн жишгээр хэзээ нэг цагт суурин амьдралын хэвшилд шилжиж л таарна. Тэр цаг үеийг ойртуулах алхмаа одооноос хийхэд энэ өөрчлөлт дөхөм болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Гэхдээ уг ажлыг гэнэт нэг шийдвэрээр биш, эрдэмтэд, судлаачдын өргөн бүрэлдэхүүнтэй ажлын баг гаргаж, орон нутагт сайтар судалсны үндсэн дээр төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэн ойлгуулж, иргэдийн санал санаачилгад тулгуурлан зохион байгуулбал бүрэн хэрэгжих үндэслэлтэй юм.
Бэлтгэсэн Ц.Ядамжав гавьяат багш