
Засгийн газраас цар тахалтай холбоотойгоор тавдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд зөвхөн эрчим хүчний төлбөрийг хөнгөлөхөөр шийдвэрлэсэн билээ. Гэтэл эрчим хүчний төлбөр нь Засгийн газраас хөнгөлөлт олгож эхлэхээс өмнөх үеэс хэд дахин өндөр гарах болсон талаар цахим орчинд цацагджээ. Энэ талаар холбогдох байгууллагуудаас эрчим хүч, дулаан, усны үнийг тодрууллаа
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК “Үнийн тарифтай холбоотой мэдээллийг Эрчим хүчний зохицуулах хорооноос лавлаарай” гэв. Тиймээс үнэ тарифын талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос тодрууллаа. Тус байгууллагын зүгээс “Эрчим хүчний мөнгө хоёр дахин нэмэгдээгүй. Харин цэвэр, бохир усны тариф нэмэгдсэн. Цэвэр бохир усны тарифыг эрчим хүч, дулаантай хамт нэгдмэл байдлаар авдаг учраас нийт төлбөр өндөр гарч байгаа. Гэнэт нэхэмжлэлийн мөнгөн дүн их гарч буйд иргэд бухимдаж, гомдол тасрахгүй байна. Эрчим хүч, дулааны үнийн тарифт өөрчлөлт ороогүй гэдгийг хэлье. Эрчим хүч, дулааны мөнгө 2019 оны зургаадугаар сарын 01-нээс хойш огт нэмэгдээгүй. Мөн Засгийн газраас иргэд болон аж ахуйн нэгжид үзүүлж буй хөнгөлөлт энэ оны зургаадугаар сарын 01 хүртэл үргэлжилнэ. Одоо ч хэрэгжээд, төлбөрөөс хөнгөлөөд явж байгаа. Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс хариуцан төлөх хугацаанд сард 250 кВт.ц хэрэглээтэй орон сууцны айл өрх 41,300 төгрөг, 350 кВт.ц хэрэглээтэй гэр хорооллын айл өрх 58,300 төгрөгийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт эдлэхээр байна” гэх тайлбар мэдээллийг өгсөн юм.
Харин орон сууцны айл өрхийн цэвэр, бохир усны төлбөрийг улсаас даагаад бүтэн нэг жил болсон. Харин 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн усны төлбөрийг тооцож эхлэхтэй зэрэгцээд тус төлбөр нэмэгджээ. Нэг жил усны төлбөрөө төлөөгүй хэрэглэгчид цахим орчинд гарсан төлбөртөө эргэлзэн, усны үнэ хэтэрхий их нэмэгдэж байна гэх зэрэг янз бүрийн таамаг дэвшүүлж байгаа юм.
Орон сууцны айл өрхийн хувьд:
1 литр цэвэр ус 71 мөнгө байсан бол 36 мөнгөөр нэмэгдэж 1 төгрөг 7 мөнгө
1 литр бохир ус 58 мөнгө байсан бол 29 мөнгөөр нэмэгдэж 87 мөнгө болжээ. /НӨАТ-гүй дүн/
Гэр хорооллын гүний худагт усны үнэ 1 литр нь 1 төгрөг байсан бол энэ дүн нэг дахин нэмэгдэж 2 төгрөг болсон байна.