
Дэлхийн нүүрсний экспортын 17.8 орчим хувийг ОХУ бүрдүүлдэг. Тус улсад хориг тавьсан болон нүүрсний нийлүүлэлт доголдож магадгүй гэсэн хүлээлтээс үүдэн уг бүтээгдэхүүний үнэ өсжээ. Тухайлбал, Австралийн Ньюкастл боомтод эрчим хүчний нүүрсний үнэ тонн нь 440 ам.доллароос давсан байна. Улмаар Азид ийм нүүрсний ханш өнгөрсөн жилийн энэ үеийнхээс 46 хувиар нэмэгджээ. Тэгвэл манай улс Ганцмодны боомтоор нэг тонн нүүрсийг өнгөрсөн долоо хоногийн байдлаар 2450 юаниар (410 орчим ам.доллар) борлуулсан нь өмнөх долоо хоногийнхоосоо 150 юаниар нэмэгдсэн дүн болсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Цаашид ч нүүрсний үнэ, эрэлт нэмэгдэх төлөвтэй гэнэ. Харин манай орны хувьд тээвэр ложистикийн хүндрэлээс шалтгаалан нийлүүлэлтээ өсгөх боломж бага байгааг Монголын нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал дурдав. Тэрбээр “Шинэ төмөр замуудыг ашиглалтад оруулсан ч огтлолцол нь тодорхойгүй, мөн чингэлэг тээврийн нэвтрүүлэх чадамж муугаас нүүрсний экспорт одоогийнхоос төдийлөн ахихгүй болов уу. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээлд уг бүтээгдэхүүний эрэлт ихсэн, ханш нь өссөн ч бидэнд өгөөжгүй гэсэн үг” гэлээ. Ташрамд дурдахад, манай улсын 2021 онд нийлүүлсэн нүүрсний хэмжээ өмнөх жилийнхээсээ 45 хувиар багассан юм.