
Алдарт эхийн одонт ээжүүдийн холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран өчигдөр “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслолыг Төрийн ордонд зохион байгуулав. Уг арга хэмжээнд нийслэл болон орон нутгаас нийт 1000 ээжийг урьсан аж. Эхчүүдийг уран бүтээлчдийн тоглолтоор “дайлж”, зочин эмэгтэйчүүд дундаас ахмад, дунд, залуу үеийн төлөөллийн үгийг сонссон. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэв. Ерөнхийлөгч олон улсын болон Монголынхоо эмэгтэйчүүдийн байгууллагын түүхээс сөхөж, монгол эхчүүд, эмэгтэйчүүдээрээ цагт ямагт бахархдагаа хэлсэн. Түүний “Улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэн эхчүүд, эмэгтэйчүүдийн хүчин зүтгэл дор оршдог. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хангасан байдлаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх, хүний эрхийг тэгш эдлэх боломжийн тухай ойлголт юм. Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрон, өмч хөрөнгө эзэмшиж, сонгож, сонгогдож, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой” гэсэн эшлэлийг онцолъё.
Бэлтгэсэн Р.Жаргал

