
Монголын зохиолчдын эвлэлийг удирдан ажилласан ганц эмэгтэй, мөн Д.Сүхбаатарын одон хүртсэн анхны эмэгтэй удирдагч С.Удвалын амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг” уран сайхны киног түүний 100 насны ойд зориулан, Монголын эмэгтэйчүүдийн холбооны захиалгаар “Ю фильм”-ийнхэн бүтээлээ. Эл киног С.Батмөнх найруулж, гол дүрд нь Г.Ундармаа тоглосон юм. Түүнчлэн С.Удвал агсны хүүхдүүд тус уран бүтээлийн зөвлөхөөр ажиллажээ. “Улаан цэцэг” кинонд ядуу ардын охин Монголын төр, нийгмийн зүтгэлтэн болж, нийгмийн сайн сайхан, эмэгтэйчүүд, утга зохиол, зохиолчдын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, кино шиг амьдрал туулсныг өгүүлжээ. Соёлын гавьяат зүтгэлтэн, продюсер, жүжигчин Г.Ундармаа “Манай “Ю фильм” нэгдэл эмэгтэйчүүдэд зориулсан уран бүтээл түлхүү туурвидаг. Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжсэн, эрхийг хөндсөн, тэдний дуу хоолой болсон уран бүтээл хийхийг ч зорьдог. Энэ удаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны саналыг хүлээж авч, Монголынхоо хойч үе болсон охидод үндэсний үлгэрлэн дуурайх түүхэн эмэгтэйг танилцуулахыг зорьсон” гэв. “Улаан цэцэг” киног өнгөрсөн даваа гаргаас кинотеатруудад гаргаж эхэлжээ.
Бэлтгэсэн А.Хангал