
Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны эхний хоёр сард 2.2 тэрбум ам.доллар болж өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 38.9 саяар буурсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн хоёр сард 1.1 тэрбум гаруй ам.долларын бүтээгдэхүүн экспортолж, нэг тэрбум орчим “ногоон”-ыг импортод зарцуулжээ. Энэ нь экспортын орлого жилийн өмнөхөөс 11.6 хувиар буурч, импортод зарцуулсан хөрөнгө 12.5 хувиар ахисан дүн аж. Түүнчлэн гадаад худалдааны тэнцэл 140 гаруй саяын ашигтай гарсан үзүүлэлт болов. Экспортын нийт дүнгийн 72 хувьд нь эрдэс бүтээгдэхүүн, 22-т нь нэхмэл, сүлжмэл эдлэл нийлүүлсэн байна. Харин импортод зарцуулсан хөрөнгийн хамгийн их буюу 260 сая ам.доллароор (25 хувь) шатахуун, 173.5 саяар автомашин, тоног төхөөрөмж худалдан авчээ. Тайлант хугацаанд 45 оронд бараа экспортолсноос БНХАУ руу 73, Швейцар луу 22 орчим хувийг нь нийлүүлсэн аж. Харин 124 улсаас гарал үүсэлтэй бүтээгдэхүүн худалдан авсны 34.6 хувийг нь ОХУ, 27.4-ийг нь урд хөршөөс татжээ.