
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) олон улсын ISO 9001-2015 стандартын дагуу үйл ажиллагаа явуулж эхлэв. ХСҮТ нь уг стандартыг аль нэг үйлчилгээ, эсвэл тасаг, нэгждээ бус, байгууллагынхаа бүх үйл ажиллагаанд нэвтрүүлж буй гэдгээрээ онцлогтой аж. Эл стандартыг нэвтрүүлэх үйл ажиллагаагаа ХСҮТ-ийнхөн өнгөрсөн оны долдугаар сараас эхлүүлжээ. Түүнээс хойш стандартын шаардлагыг хангаж байгаа, эсэхийг дүгнэх баталгаажуулалтад хоёр удаа хамрагдсан байна. Мөн ажилтнуудаасаа 20 хүнийг дотоод аудитор, тавыг нь тэргүүлэх аудитор болгон бэлтгэжээ. Аудиторууд цаашид ISO 9001-2015 стандартыг хэрхэн мөрдөж буйг хянахын зэрэгцээ төвийнхөө үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэхэд анхаарах нь. “Эс Эф Си Эс” компанийнхан ХСҮТ-д баталгаажуулалт хийж, гэрчилгээ олгожээ. Уг компани нь олон улсын стандартуудын сургалт, баталгаажуулалт, аудитын үйлчилгээ үзүүлдэг байна. “Олон улсын стандарт нэвтрүүлснээр цаашид тусламж, үйлчилгээг хэрэглэгчдэд илүү ойртуулах боломж бүрдэж байна. Ялангуяа хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох чиглэлээр дэлхийн түвшний үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мөн тусламж, үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгохыг зорьж байгаа” гэж ХСҮТ-ийн удирдлага Ташрамд дурдахад, ISO 9001 стандартыг дэлхий дахинд нэлээд өргөн хэрэглэдэг бөгөөд гол шаардлага нь бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанарыг хэрэглэгчийн эрэлтэд нийцүүлэх аж. Манай улсад уг стандартыг өмнө нь голчлон үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарынхан түлхүү нэвтрүүлдэг байсан. Харин сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээндээ нэвтрүүлэх нь олширчээ.



