
Хөвсгөл аймгийн Түнэл сумд мотоциклоор зорчиж явсан хоёр иргэн энэ сарын 8-нд сураггүй болжээ. Иргэд тус сумын Навчилтай багийн нутагт зорчиж явсан бөгөөд Эгийн голын мөс цөмөрсний улмаас живсэн байж магадгүй гэж онцгой байдлын албаныхан үзсэн аж. Хоёр иргэн сураггүй болсон дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид өдгөө газар дээр нь эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэнэ. Үүний хүрээнд Эгийн голын мөсөнд гурван цооног гаргаж, усны гүнд эрэн хайх ажиллагаа явуулж буй ч өчигдрийн байдлаар иргэдийг олоогүй байв. Сураггүй болсон иргэд 27, 29 настай, эрэгтэй аж. Ташрамд дурдахад, энэ он гарснаас хойш гол, нуурын мөс цөмөрсний улмаас хүн осолдсон гэх 20 орчим дуудлагыг онцгой байдлын байгууллагынхан хүлээн авчээ. Өдгөө урин дулаан цаг болж бүх гол, мөрний мөсөн бүрхүүл нимгэрч байгаа. Тиймээс цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр зорчиж, эрсдэлд орохгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ.