
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2022.03.16) хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бус байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр Хөшигийн хөндийд казино байгуулах тухай асуудал яригдсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Д.Оюунхорол мэдээлэл өглөө. Тэрбээр, "Хөшигийн хөндийд 31 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар ердөө 1000 га газар дээрх бүтээн байгуулалтын асуудлыг хэлэлцсэн.
Цаашид бид аялал жуучлал болон эдийн засгийг дэмжих үүднээс аялал жуучлалын салбараа хөгжүүлэх хэрэгтэй. Иймд жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэднийг ямар үйлчилгээгээр татах вэ гэдэгт анхааран ажиллах нь чухал. Тухайлбал, Хөшигийн хөндийд казино байгуулж жуулчдыг татах юм. Дэлхийн 150 улсад 5800 казино байдаг. Манай улсад казино байгуулагдсанаар аялал жуучлалын салбарын үйлчилгээний эдийн засагт ихээхэн нөлөөлнө" гэлээ.