
БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллага хамтран “Цэнхэр алт” үндэсний хэлэлцүүлгийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт зохион байгуулагч байгууллагынхнаас гадна Мянганы сорилтын сан, АПУ ХК, байгаль орчны төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож, Монгол Улсын болон нийслэлийн усны нөөцөд тулгамдаж буй асуудлуудыг дэвшүүлэн, гарц гаргалгаа, технологийн шийдлийн талаар ярилцлаа. Эл арга хэмжээтэй зэрэгцээд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Ус бол амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн нээсэн бол ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын төвд “Ус-хөгжлийн түлхүүр” оюутны эрдэм шинжилгээний хурал, “Корпорэйт конвеншн центр”-ийн хурлын танхимд “Ус, биологийн олон янз байдлын тогтвортой менежмент-цаашид авах арга хэмжээ” техникийн семинар болов. Мөн Усны газрын мэргэжилтнүүд нийслэлийн ерөнхий боловсролын 38, 54, 141 дүгээр болон “Монгени” цогцолбор сургуулийн 300 гаруй сурагчид, Туул голын сав газрын захиргааныхан 70 дугаар тусгай сургуулийн 50 хүүхдэд усны нөөцийг хайрлан хамгаалах сэдвээр танин мэдэхүйн хичээл заав. “Ганга нуурыг бохирдож, ширгэхээс хамгаалах, урсцыг сайжруулах төсөл”-ийнхөн энэ өдөр ажлынхаа үр дүнг хэлэлцэж, усны салбарын эрдэмтэн, судлаачдын саналыг сонслоо.