
Украинд дахь дайны уршгаар Оросын эсрэг АНУ, Европын Холбоо, Британийн тавьж буй хориг хөнөөлт үр дагавар үзүүлж буй. Гэхдээ хоригийг энэ кампани бүхний дэмжлэг хүлээж байгаа юу гэвэл үгүй. Оростой хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр Хятад, Энэтхэг ярьж эхэлсэн. Си Зиньпин Хятадын төрийн тэргүүний хувьд ХКН-ын дарга болсноос хойш 10 шахам жилд тус улстай Орос нөхөрсөг харилцаа хөгжүүлж байгаа юм. “Хятад, Оросын харилцаа өнгөрсөн 70 жилд үлэмж өндөр түвшинд хүрсэн” гэж 2019 онд тэрбээр мэдэгдсэн. Энэ оны хоёрдугаар сарын эхээр Бээжинд болсон өвлийн олимпын нээлтэд Си Зиньпиний урилгаар В.Путин оролцсон. Уг айлчлалын дүнд Засгийн газар, байгууллагуудын хооронд олон баримт бичигт гарын зурж, хоёр талын худалдааны хэмжээг 250 тэрбум ам.долларт хүргэхээр тохиролцсон. Хоёр улсын найрамдал нөхөрлөл хил хязгааргүй, хамтын ажиллагаанд нь хориотой бүс байхгүй, талуудын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэг, гурав дахь улсын эсрэг чиглээгүй. Украинд дайн (цэргийн тусгай ажиллагаа) эхлүүлж буйг хоёрдугаар сарын 24-нд В.Путин зарласны дараа Кремлийн үйлдлийг Хятад шүүмжлээгүй, үүнийг нь “халдлага дайралт” гэж нэрлээгүй байгаа. Харин Орос, Украин улсуудыг яриа хэлэлцээний ширээнд суухыг Си Зиньпин уриалж, бүх улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийн төлөө Хятад улс тэмцэж буй хэмээн мэдэгдсэн. Өрнөдийн орнууд Оросын эсрэг хориг тавьсны дараа Хятадын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Чао Лицянь эдийн засгийн хязгаарлалтууд хямралыг зохицуулахад хор хохиролтой болох талаар мэдэгдэж байсан билээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украинд Оросын явуулж буй ажиллагааны асуудлаар санал хураахад Энэтхэг түдгэлзсэн байр суурьтайгаа илэрхийлсэн. Энэ улсын Засгийн газар төвийг сахисан зарчмаа баримталж, Хятадын улс төрийн удирдлагын адилаар Оросын үйлдлийг шүүмжлэхээс зайлсхийж дайны ажиллагааг зогсоож, дипломат ярианд эргэж орохыг уриалж буй. Харьков хотод 22 настай энэтхэг оюутан амиа алдсан нь Украины хямрал руу онцгой анхаарал татлаа. Энэ явдал Энэтхэгийн нийгэмд эгдүүцэл төрүүлж, тэр нь Украинд оршин суугаа 20 гаруй мянган энэтхэгчүүдийг эгүүлэн татах ажил зохион байгуулах талаар даруй арга хэмжээ авахыг эрх баригчдадаа тавих шаардлага болж хувиргалаа. Дараа нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьж, энэтхэг иргэдийг Украинаас гаргах асуудал хөндсөн юм. Тэгэхэд холбогдох бүх зааврыг цэргийнхэндээ өгсөн, тэд гадаадын иргэдийг байлдааны бүсээс гаргаж эх оронд нь буцаахад бололцоотой бүхнийг хийнэ хэмээн В.Путин баталжээ.
Оросын эрх баригчдын шуурхай үйлдэл, оюутны амь хохирсон үйлдлийг мөрдөн шалгахаар өгсөн амлалт нь гарч болзошгүй үр дагаврыг зөөлрүүлж Энэтхэгийн талтай найрсаг харилцаагаа хадгалж үлдэх боломж олгосон юм. Үүнд Делигийн прагматик бодлого, байр суурь зохих үүрэг гүйцэтгэсэн гэж болно. Өрнөдийн орнуудын хориг, Оросын эдийн засгийг тусгаарлах гэсэн оролдлого нь урт, богино хугацааны шинэ, аятай хэтийн төлөвийг Хятадад төдийгүй Энэтхэгт нээж байна. Өнөөгийн байдлаар Хятад улс Оросын эдийн засгийн гол түнш болж явна. 10 жилийн хугацаанд худалдааны өсөлт 165 орчим хувь болжээ. Бараа эргэлт 2021 онд 35.9 хувиар нэмэгдэж, 146 тэрбум ам.долларт хүрсэн байна. 2024 онд энэ хэмжээг 200 тэрбум ам.долларт хүргэхээр хоёр улс төлөвлөсөн байгаа. Харин талуудын эдийн засгийн хамтын ажиллагаанд тэнцвэр алдагдах байдал нэлээд ажиглагдаж буй. Нийт бараа эргэлтийн 18 хувь нь Хятадад ногдож байгаа бол Хятадын бараа эргэлтэд Орос хоёр гаруйхан хувийг эзэлж байна. Өрнөдийн орнуудын тавьж буй хориг Орост өндөр технологийн бараа, цэргийн болон давхар зориулалттай бүтээгдэхүүн, нисэх онгоц, сэлбэг материал, нисэх хүчин, сансрын үйлдвэрлэлд ашиглах бараа, нефть дахин боловсруулах тоног төхөөрөмж, технологи Өрнөдийн орнуудаас нийлүүлэхийг хориглосон, түүнчлэн Оросын эрчим хүчний эрэлтийг хязгаарласан нь энэ тэнцвэр алдагдсан байдлыг нэмэгдүүлэхэд эргэлзэх юун. Европын хийгээд Олон улсын судалгааны төвийн захирал В.Кашины хэлснээр Орост тавьсан хязгаарлалт Хятадыг Оросын худалдааны гол түнш болголоо. “Бид ганц Хятадаас хамаарах болсон нөхцөл байдал улс төрийн бодлогод зарим засвар оруулахыг шаардаж байна” гэж тэрбээр үзэж байна. Мөн “Бид “бага түнш” байх болно гэж ярьж болохгүй. Гэхдээ Хятадын эрх ашгийг урьдынхаас илүү их хэмжээгээр харгалзан үзэх ёстой болж байна. Энэ цаашдаа цэргийн салбарт, юуны урьд Зүүн хойд Азийн бүс нутагт хамтын үйл ажиллагаанд илэрнэ” гэж хэлсэн байна лээ.
Ийм нөхцөлд аль ч цар хэмжээгээр Оросын эрх ашигт харшлахгүй эрмэлзэл тэмүүллийг удирдлага болгосон Энэтхэгтэй түншлэх нь Оросын хувьд онцгой ач холбогдолтой болж буй. Орос, Энэтхэгийн харилцаа Москвагийн ч, Шинэ Делийн ч хувьд өөрийн гэсэн үнэ цэнэтэй юм. Өнөөгийн байдлаар Энэтхэг улс бордоо, нефьт, ургамлын тос Оросоос авдаг хэмжээгээр тэргүүлж явна. Түүнчлэн Оросоос цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын болон цөмийн энергийн бүтээгдэхүүн худалдаж авч байна. Энэтхэг улс Орост эм, ХАА-н болон бусад бүтээгдэхүүн экспортолдог. Гэхдээ хоёр орны бараа эргэлт Орос, Хятадынхтай харьцуулбал доогуур байгаа. Энэ үзүүлэлт өнгөрсөн онд 12 тэрбум орчим ам.долларт хүрсэн нь харин Орос, Энэтхэгийн хоорондын худалдааны харилцааны түүхэнд дээд амжилт тогтоосон байдаг. Тэглээ ч В.Путин, Н.Моди нар “Орос, Энэтхэг: Энхтайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөө түншлэл” дээд хэмжээний уулзалтыг Шинэ Делид хийх үедээ хоёр талын худалдааны хэмжээг “Стратегийн түншлэлийн нөөц боломжид тохироогүй” гэж үнэлээд зорилтот үзүүлэлтийг 2025 онд 30 тэрбум ам.долларт хүргэхийн тулд хүчин чармайлтаа идэвхжүүлэх нь чухал байгааг мэдэгдсэн юм. Оростой Энэтхэгийн хийх тооцооллын системийг үлэмж хүндрэлтэй болгосон шинэ хориг энэ эрмэлзлийг цуцалж чадаагүй. Оросыг SWIFT-ээс гаргаснаар Энэтхэгээс нэгэнт илгээчихсэн 500 сая орчим ам.долларыг нь аль ч үгүй болгож орхисон. “Hindu” сонинд мэдээлснээс үзэл Оросын эсрэг Өрнөдийн тавьсан хориг Энэтхэгийн эдийн засагт үзүүлэх нөлөөг судлах ажлын хэсэг байгуулахаар тус улсын Засгийн газар шийджээ. Энэ ажлын хэсэгт хүнс, хэрэглэгчдийн болон бордоо, худалдаа, гадаад харилцаа, нефть, байгалийн хийн асуудал эрхэлсэн яамдын төлөөлөл орсон байна. Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан А.Куприяновын үзэж буйгаар бол Энэтхэг, Хятадтай харилцахдаа Орос урьд нь тэдний харилцаа мухардалд орвол харилцан ойлголцоход нь зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байжээ. Одоо бол Орос, Хятадын харилцааг илүү ойр нягт болгохыг бодит байдал шаардах болсон байна. Тэгвэл Өрнөдийн хоригийн үр дүнгээр Орос нь Хятадтай илүү ойртож болзошгүй байгаад энэтхэгчүүд ихээхэн түгшиж, иймд хүргэхгүйг хичээх боллоо. Чухам ийм учраас Оростой цаашдын хамтын ажиллагаагаа хумих бодолгүй байна. Хэрэв хумивал Орос, Хятад хоёрыг улам ойртуулна.
Оросын эдийн засгийн орон зайд анхаарал татам завсар бий болж байгаа ч гэсэн Бээжин, Дели хоёр Вашингтонтой худалдааны нягт харилцаатай хэвээр байна. АНУ нь Хятадын худалдааны түншийн хувьд АСЕАН, Европын Холбооны дараа гуравт орж буй юм. 2021 онд Хятад, Америкийн худалдааны эргэлт 755.6 тэрбум ам.доллар байлаа. Эдийн засгийн өргөн хэлхээ холбоо нь Оросын эсрэг тавьсан хоригийн дэглэмийг мөрдөхийг Энэтхэг, Хятадаас АНУ шаардахад хүргэж байна. Тэгээд ч тус хоёр улс гадаадын технологи, Өрнөдийн оюуны хөрөнгө, Европ, Америкийн компаниудын нийлүүлэлтээс хамааралтай болчихоод байгаа юм. Оросын зэвсгийг худалдаж авч байгаа хийгээд Украинд явуулж буй Оросын дайнд хандаж буй байр сууриас нь шалтгаалж Энэтхэгийн эсрэг хориг тавих боломжийг Цагаан ордон нэгэнт судлаад эхэлчихсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын туслах Дональд Лу “Аюулгүй байдлын салбарт Энэтхэг нь яах аргагүй манай чухал түнш, үүнийг бид үнэлдэг. Оросоос хөндийрөх цаг болсныг Энэтхэгийн удирдлага шийднэ гэж найдаж байна” гэж хэлсэн. Дээр өгүүлсэн В.Кашины хэлснээс үзвэл Америкийн тал дэлхийн санхүүд өөрийн гүйцэтгэж буй үүргийг буруу ашиглавал гадаад бодлогодоо бие даасан үйл ажиллагаа явуулахыг ихэд эрмэлздэг Энэтхэгийн эрх баригчдыг сөрөг хариу үйлдэл хийхэд хүргэж болзошгүй. Энэтхэг өөрийгөө хэнтэй нөхөрлөж болох, болохгүйгээ заалгадаг АНУ-ын “бага түнш” гэж огт үзэхгүй. Хатуу, болхи дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого нь айхавтар сөрөг хариу үйлдэл хүлээж мэдэхээр байгаа юм.
Ийм заналхийлэл Хятадад ч ирж байгаа. Украин дахь байдлаас үүдэж Орост тавьсан хоригийг зөрчвөл АНУ-аас “үлэмж аюултай үр дагавар” үзүүлнэ гэж Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жен Псаки амласан. Харин нэг талын эдийн засгийн даралт, хэт давамгай байдлын зарчмыг хүлээж авахгүй гэдгээ Хятадын Засгийн газар нэг бус удаа мэдэгдсэн. Украины асуудал хийгээд Оростой тогтоосон харилцааг Америкийн тал авч үзэхдээ Хятадын санаа тавьдаг зүйлийг анхаарч, хүний эрх, улсынх нь эрх ашгийг хааж боогдуулах явдал гаргахгүй байхыг БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Чао Лицянь анхааруулсан. Хятадад хориг тавих нь Орост хориг тавьснаас илүү аюултай үйлдэл болно хэмээж В.Кашин анхаарлаа хандуулав. Хятадын эдийн засаг үйлдвэрлэлийн олон зангилааг хянаж, Америкийн янз бүрийн бизнест чухал зах зээл болж байгаа тул тус улсад хоригийн дарамт шахалт үзүүлэхдээ болгоомжтой хандаж ёстой гэж тэрбээр үзэж байна. Украинд явуулж ажиллагааны улмаас Орос руу эдийн засгийн тусламж явуулахаар Хятадын эрх баригчид хэдийнэ шийдчихсэн гэж Британийн “Guardian” сонин мэдээллээ. Москватай хамтран ажиллахаар Бээжин ул суурьтай хандаж буй бөгөөд энэ санаачилга “АНУ-ыг дарангуйлагч гэж үздэгээрээ” Путинтэй нэгдмэл байр суурьтай Си Зиньпинээс гарсан юм. Оростой хамтарч ажиллахаас Энэтхэг ч татгалзахгүй байна. Худалдааны тооцоог рубль болон рупигээр хийх боломжийг хоёр улс судалж үзсэн. Энэ шинэ механизм барааныхаа үнийг ам.доллар, еврогоор биш, үндэсний валютаар хийх боломжийг Энэтхэгийн экспортлогчдод олгох нь тодорхой болов. Улс орнуудад эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх оролдлого нь сөргөлдөөнийг үндсэндээ улс төрийн голдирол руу шилжүүлж байна. Хятад, Энэтхэг улсууд өөрийгөө олон улсын тавцанд гарцаагүй бие даасан тоглогч гэж үздэг юм. Эдний эрх баригчид АНУ-ын улс төрийн бодлогод захирагдах, Оростой хамтарч ажиллаад олох ашгаа алдахыг хүсдэггүй, бусад улстай хэрхэн, ямар нөхцөлөөр харилцахыг тулгасан заавар, зөвлөгөөг басамжлал, доромжлол гэж үздэг. Хятадын ч, Энэтхэгийн ч хувьд Орос стратегийн түнш хэвээр үлдэнэ. Орос ч, Энэтхэг, Хятадын харилцаанд зуучлагчийн үүргээ хадгалах болно. Цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын бүтээгдэхүүн нийлүүлэгчээ алдахыг, үүний зэрэгцээ Орос, Хятад хоёр эрчимтэй ойртохыг Энэтхэг хүсэхгүй. Хятад ч Энэтхэг, АНУ хоёрыг ойртуулахгүйн үүднээс Орос, Энэтхэгийн харилцаанд ан цав гаргахыг бас хүсэхгүй.
Бэлтгэсэн Р.Жаргалант