
Нефтийн байгууламжуудаа хуситуудаас хамгаалах цэргийн ажиллагааг Саудын Араб тэргүүтэй эвсэл явуулж эхэлжээ. Хуситуудын хяналтад байдаг Йемений нийслэл Сана болон Ходейда боомт хотод тус эвсэл агаараас цохилт өгсөн тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Дэлхийн эрчим хүчний эх үүсвэр, нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах зорилгыг Арабын эвсэл тавьсан байна. Ходейда дахь газрын тосны болон бусад байгууламжаас хол байхыг Йемений иргэдээс хүссэн гэнэ. Иргэний объектуудад цохилт өгөхгүй гэдгээ эвслийнхэн мэдэгджээ. Жидда хотын хойд дүүрэгт орших газрын тос түгээх болон Жизан дүүрэг дэх “Аль-Мухтара” цахилгаан станцад Йемений хусит босогчид дрон ашиглан халдлага үйлдсэн талаар Саудын Араб өмнө нь мэдээлсэн юм. 82 хүн, тэдний дотор Йемений цэргийн гурван олзлогдогчийг зэрэг цаазалсны дараа халдлага болсон аж. Саудын Араб энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулахыг уриалсан байна. Йемений хойд бүс нутгийг хянадаг исламын шиитийн “Ансар Аллах” хөдөлгөөний хусит босогчид Саудын Арабын газрын тосны “Saudi aramco” компанийн объектод цаашид ч цохилт өгөхөө мэдэгдсэнийг “Al Mayadeen” телевиз мэдээлэв. “Йеменийг хүнлэг бусаар бүслэхээ таслан зогсоох хүртэл пуужингийн цохилт өгнө. Цохилтын бай нь “Saudi aramco”-гийн эзэмшдэг газрын тос дамжуулах хоолой, агуулахууд, түүнчлэн Саудын Арабын чухал ач холбогдолтой бүх байгууламж байна” гэж босогчдын төлөөлөгч хэлжээ. Саудын Арабын Эрчим хүчний яамны мэдээлснээр “Saudi aramco”-гийн байгууламж халдлагад өртөж, газрын тосны хоёр агуулахад гал гарсныг мэдэгдээд, эл үйлдэл нь тус хаант улсын үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулж, нефть импортлогчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх чадварт нь нөлөөлж болзошгүйг тэмдэглэсэн аж. АНУ, Британи, Израилыг жирийн ард иргэд зовж шаналахад хүргэсэн, Йемений эсрэг Саудын Арабын түрэмгийллийн хамсаатан гэж “Ансар Аллах” бүлэглэлийн удирдагч Абдель Малек аль-Хоути өнгөрсөн баасан гарагт хэлсэн үгэндээ онцлов. Түүний хэлснээр уг түрэмгийллийн улмаас бүхэл бүтэн улсын нутаг дэвсгэр гамшгийн бүс болон хувирчээ. Йемений мөргөлдөөн 2014 оны наймдугаар сараас хойш үргэлжилж байна. 2015 оны гуравдугаар сард Саудын Араб тэргүүтэй эвслийнхэн хуситуудын огцруулсан Ерөнхийлөгч Абд Раббо Мансур Хадийг дэмжих зорилгоор тус улс руу дайрсны дараа цэргийн сөргөлдөөн ширүүссэн юм. Йемений дайн дэлхийд хамгийн томд тооцогдох хүмүүнлэгийн хямралыг үүсгэсэн. НҮБ-ын мэдээлснээр тус улсын нийт хүн амын 80 орчим хувь болох 24 сая гаруй иргэнд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байгаа бөгөөд дотооддоо дүрвэгсдийн тоо дөрвөн саяас давжээ.