
“Монголын эдийн засгийн чуулган-2022” арга хэмжээг угтаж өнгөрсөн баасан гарагт “Хот, хөдөөгийн сэргэлт” хэлэлцүүлэг өрнүүллээ. “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх нь”, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх”, “Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлого” гэсэн дөрвөн дэд сэдвээр үргэлжүүлсэн уг арга хэмжээг нээж, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатарын хөгжлийг эрчимжүүлэх, иргэдийг ая тухтай амьдруулахад тулгарч буй нэг саад нь авто замын түгжрэл. Түгжрэлийг бууруулж, дэд бүтцийг сайжруулан, хотын төвлөрлийг багасгах зорилгоор үндсэн хоёр зорилт, есөн чиглэл бүхий 26 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд 11.2 их наяд төгрөг зарцуулахаас 43 хувийг нь улсын төсвөөс, үлдсэнийг нь гадаадын зээл, тусламж, бондын санхүүжилт, нийслэлийн төсвөөс гаргах юм. Төсөл, хөтөлбөрүүдээ амжилттай хэрэгжүүлж, төлөвлөөгөөний дагуу ажиллаж чадвал ирэх 10 жилд Улаанбаатар хот дэлхийн жишигт нийцэхүйц, хөгжингүй нийслэл болно” гэв. Эл 26 төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн үндсэн болон гол авто замын сүлжээг өргөтгөж, шинэчлэх гэнэ. Ингэснээр түгжрэлийн индексийг 15-20, замын нэвтрүүлэх чадварыг 35 хувиар сайжруулахаар тооцжээ. Замын хөдөлгөөний удирдлага, хяналтын нэгдсэн ухаалаг систем бий болгон тээврийн хэрэгслийн зорчилтын бодит цагийн мэдээллийг нэгтэх юм байна. Үүнээс гадна багтаамж ихтэй нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлж, нийтийн тээврээр зорчигчдын тоог 2020 оныхтой харьцуулахад 30 хувиар ахиулан, хөдөлгөөнд оролцох автомашиныг 50-60 мянгаар цөөрүүлэхээр тооцсон юм байна. Багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл гэдэг нь давхар болон урт автобус, хөнгөн галт тэрэг зэрэг аж.

Эдгээрийг аль болох хурдан буюу ирэх намар гэхэд замын хөдөлгөөнд оролцуулах зорилгоор худалдан авах, замыг нь тавих хүсэлтээ БНХАУ, БНСУ-ын төр, хувийн хэвшлийн байгууллагад хүргүүлжээ. Үүнд 150 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарчээ. Мөн түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулсан, тухайлбал, ажилчдын автобус явуулсан, ажил цуглах, тарах цагийн хуваарийг өөрчилсөн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх хууль, эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатайг ч хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байв. Үүнээс гадна гэр хороолол дахь дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, суурь дэд бүтцийг барьж байгуулах гэнэ. Энэ хүрээнд гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг дуусгаж, хотод шинэ дөрвөн дэд, олон нийтийн долоон төв барихаар төлөвлөжээ. Улаанбаатарт энэ мэтчилэн хийхээр төлөвлөсөн, төсөвлөсөн ажил олон бий ч хөрөнгийн эх үүсвэрийг нь хэрхэн бүрдүүлэх нь чухал юм. Тэгвэл хотын санхүүгийн чадамжийг дээшлүүлэх зорилгоор үнэт цаас, бонд гарган, олон улсаас хөрөнгө босгох боломжтойг Д.Сумъяабазар онцлов. Газрын чиглэлээрх бие даасан биржтэй болж, дуудлага худалдаа зохион байгуулж, татварын системийг нь шинэчлэх замаар газраас орлого олох ажил зохион байгуулах аж. Ингэснээр хот орчмын газрын үнэ цэн өсөн, татварын орлого дээшлэн, улмаар төсөвт төвлөрүүлэх хөрөнгө нэмэгдэх нь.
Нийслэлийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулахад хийх зайлшгүй чухал ажил нь орон нутгийг хөгжүүлэх юм. Үүний тулд иргэд амьдрах таатай орчин бүрдүүлж, ажлын байр бий болгох шаардлагатай. Эл асуудлыг “Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжих бодлого” сэдэвт хөндлөө. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг бий болгоход нэн тэргүүнд малын эрүүл мэндийг сайжруулах, хариуцлагатай малчдыг бий болгох, үндэсний үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэх тогцолцоо бүрдүүлэх нь чухал гэдэгтэй хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгдэж байв. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд тус салбарт ажиллах хүний нөөцийг нэмэх, ашиглах тоног төхөөрөмжийг шинэчлэх, дэвшилт технологи нэвтрүүлэх нь чухал аж. Манай улсын цаг уурын эрс тэс нөхцөл байдалтай холбоотойгоор зардал өндөр гардгаас нарийн ногооны тариалалт болон эрчимжсэн мал аж ахуй хөгжихгүй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд тэмдэглэсэн. Мөн хөдөө аж ахуйн салбарт зөвхөн жижиг, дунд үйлдвэр болон өрхийн аж ахуйг хөгжүүлэхийг эрмэлзэх нь бурууг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа онцолсон юм. Тэрбээр “Монгол Улсын малын тоо олон, газар нутаг уудам нь хөдөө аж ахуйн салбараас ашиг хүртэх томоохон нөөц юм. Гэхдээ тус салбарт дэвшилт технологи нэвтрүүлдэггүй, томоохон үйлдвэрүүд байгуулж, экспортод чиглэсэн бүтээгдэхүүний хэмжээгээ ахиулж чадахгүй хэвээр байна. Хөдөө аж ахуйн салбарт олон улсад ашиглаж буй тоног төхөөрөмж, технологи нь өндөр үнэтэй байхын хэрээр үр өгөөж сайтай. Тиймээс тус салбарыг кластер маягаар хөгжүүлэх, томоохон үйлдвэрүүдийг ашиглалтад оруулахад анхаарбал зохино. Зөвхөн жижиг, дунд үйлдвэр, өрхийн бүтээмжийг сайжруулахаар хөөцөлдвөл үр дүн багатай” гэв. Тэгвэл “Сүү” компанийн гүйцэтгэх захирал М.Болод “Бид сүүний хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангах боломжтой. Үүний тулд өвөл сүү нийлүүлэх бэлтгэгчдийг олох нь чухал байна. Өвөл сүү бэлтгэхийн тулд эрчимжсан мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай. Эрчимжсэн мал аж ахуй бүхий сүргийг бий болгоход идэш, тэжээл, бордоо, техник, технологи чухал. Мөн зохиомол хээлтүүлгийн төв байгуулж, сүргийн эргэлтийг зөв зохион байгуулах хэрэгтэй. Үүнд мал эмнэлгийн, био технологийн хүрээлэнг хөгжүүлж, дунд болон урт хугацааны хөтөлбөр боловсруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, олуулаа хамтарч цогцоор нь шийдэх асуудал их байна” гэв.

“Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого” сэдэвт хэлэлцүүлгээр Эдийн засаг, хөгжлийн яамнаас Дорнод, Төв, Дархан-Уул, Өвөрхангай зэрэг зургаан аймагт бүс нутаг, улс хоорондын төсөл хэрэгжүүлбэл ашигтайг танилцууллаа. Эдгээр аймагт үйлдвэрлэл, үйлчилгээний цогцолбор барьж, экспотод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан аж. Мөн 90 сумд түүхий эд бэлтгэх төв байгуулах талаарх судалгаа хийжээ. Сумуудыг хөгжүүлэх нэг арга нь томоохон үйлдвэр, уурхай байгуулах бөгөөд Өмнөговь аймаг болон Ханбогд сум нь “Оюутолгой” компанийн дэмжлэгтэйгээр хэрхэн хөгжиж буйг тус компанийн орон нутаг хариуцсан ерөнхий менежер нь танилцуулсан. Тухайлбал, сүүлийн 10 жилд “Оюутолгой” компаниас Өмнөговь аймагт 200, Ханбогд сумд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ. Ингэснээр Ханбогдын хүн ам 10 жилд гурав дахин өсөн, орлого нь сайжирсан гэнэ. БХБЯ-ны захиалгаар дээрх сумын мастер төлөвлөгөөг боловсруулсныг ч дурдлаа. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлснээр ирэх 4-5 жилд уурхайн ойр орчмын суурьшлын бүсийн өнгө төрх сайжирч, иргэдийн амьжиргаа илүү дээшлэх юм байна. Түүнчлэн Дэлхийн банк, БХБЯ, ХХААХҮЯ хамтран ирэх 10 жилд гурван үе шат бүхий 700 гаруй сая ам.долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд орон нутагт үйлдвэрүүд байгуулж, цөлжилт болон бэлчээрийн доройтлын эсрэг ажлууд зохион байгуулах гэнэ. Ингэснээр 160 000 ажлын байр бий болгох тооцоо гарсан байна.
Цар тахлын тархалт хэдий багасан, эдийн засаг сэргэж буй ч ОХУ болон Украинд үүссэн нөхцөл байдлаас үүдэн газрын тос, бусад бүтээгдэхүний үнэ өсөж байгааг дээрх хэлэлцүүлгийн үеэр дурдсан. Энэ нь манай улсын эдийн засагт шууд нөлөөлөх магадлалтай аж. Мөн БНХАУ хилээ нээхгүй хэвээр байгаа нь тээвэр ложистикийн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл болж, төлөвлөсөн ажлаа эхлүүлж, төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацааг хойшлуулах магадлалтай юм байна.