
Улсын филармонийн 50, симфони оркестрын 65, Морин хуурын чуулгын 30 жилийн ой энэ онд тохиож байна. Үүний хүрээнд тус байгууллагынхан энэ жилийн турш “Хөгжмийг хүн бүрт” уриан дор уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх аж. Энэ талаар Улсын филармонийн хамт олон өчигдөр мэдээлэл өгсөн юм. Филармонийн дарга С.Баттулга “Бид цар тахлаас үүдсэн хөл хорионы үед ч үр бүтээлтэй ажилласан. Үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй үед амжуулдаггүй байсан бүхнээ гүйцээсний сацуу олон шинэ контент гаргасан. Амаргүй үеийг амжилттай даван тууллаа. Цаашид урам зоригтойгоор бүтээн туурвих болно. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар концертын танхимынхаа үзэгчдийн хэсгийг засварлахаар болсон. Ирэх намар үзэгчдээ илүү тав тухтай орчинд хүлээж авна” гэлээ. Тус байгууллагын уран сайхны удирдагч, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан “Симфони оркестр, “Баян Монгол” чуулга, Морин хуурын чуулга сар бүр дээж бүтээлүүдээрээ үзэгчидтэйгээ уулзана. Морин хуурын чуулгын хувьд онцлох мэдээлэл бий. Уран бүтээлчид орон нутагт тоглоно. Түүхэндээ гадаадын олон оронд тоглож ирсэн ч эх орноороо, аймаг, сумдаар аялан тоглож байгаагүй. Үүнийг дутагдал гэж үзэж байгаа. Алдаагаа засна. Тоглолтыг энэ сарын 21-нээс эхлүүлнэ. Филармони бол мэргэжлийн урлагийн төв байгууллага. Тийм учраас Морин хуурын чуулгын орон нутаг дахь тоглолтын үеэр аймгуудын театр, чуулгуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх юм” хэмээв.
Филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш “Симфони оркестрын 65 жилийн ойг тэмдэглэх гэдэг нь 1957 онд БНМАУ-ын Радио хорооны дэргэд, тухайн үеийн Соёлын яамны 118 дугаар тогтоолоор симфони найрал хөгжим байгуулснаас хойш үйл ажиллагаа хэрхэн явуулж, хөгжиж ирсэн түүхийг өгүүлэх юм. Филармонийн симфони оркестр түүхэндээ далайцтай олон ажил хийж ирсэн. Бүхий л уран сайхны болон баримтат киноны хөгжмийг тоглож, бичүүлсэн. Хөгжмийг, тэр дундаа сонгодог хөгжмийг орон нутгийнханд таниулах, сурталчлах ажлыг өргөнөөр зохион байгуулж байв. Энэ жил мэргэжлийн өндөр түвшний гэж онцолж болох сонгодог зургаан тоглолтыг “Сонгодог үдэш” нэрээр хүргэхээр төлөвлөсний эхнийхийг нь үзэгч, сонсогчдынхоо хүртээл болгосон. Энэ бол саяхан болсон цөөхүүл хөгжимчдийн “Cham¬ber music” хэмээх тоглолт байлаа. Дараагийнх нь дөрөвдүгээр сарын 8-нд, удаах нь тавдугаар сард гэхчлэн үргэлжилнэ. Оркестрын ойг тэмдэглэх хүрээнд төлөвлөсөн бас нэгэн томоохон ажил бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сонгодог хөгжим, оркестр сурталчлах юм. Цуврал тоглолтыг энэ сарын 11-нээс эхлүүлнэ” гэлээ.