
Н.Учрал нарын 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн, эмийн хяналтын тогтолцоо, үр нөлөөний талаар шалгалт хийн, дүнг нь танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэгтэй хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төслийг өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, буцаав. Үүнийг Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэн, дэмжээд байсан юм.
УИХ-ын даргын зүгээс “УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуульд “УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг Үндсэн хуульд харшилсан гэж холбогдох байнгын хорооны санал, дүгнэлт гарсан, санаачлагч гишүүд санал нэгдэн, зөвшөөрсөн үндэслэлээр өөрчилж болно” гэж заасныг анхааруулаад, хүний амьд явах эрх, эрх чөлөөтэй холбоотой эмийн аюулгүй байдал, хуулийн хэрэгжилтийг шалгах нь зайлшгүй чухал. Гэхдээ сэдвээ тодорхой болгож, нарийвчлах шаардлагатайг онцолсон. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93.3-т “Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох байнгын хороонд буцааж болно” гэсний дагуу тогтоолын төслийг буцаасан юм.
Бэлтгэсэн: Б.Уран