Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хил дамнасан цаасгүй худалдааны гарын авлага гаргалаа

Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комисс хамтран “Хил дамнасан цаасгүй худалдаа” гарын авлагын нээлтийн ажиллагааг саяхан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулжээ. Гадаад худалдааны зардлыг бууруулахад хил дамнасан цаасгүй худалдааны гүйцэтгэх үүрэг, эрх зүйн болон техникийн орчныг бий болгоход шаардлагатай олон улсын баримт бичгүүдийн талаар энэ үеэр хэлэлцсэн байна. Тус арга хэмжээнд нийт 130 гаруй төлөөлөгч цахимаар оролцсон аж. ДХБ-ын ерөнхий захирлын орлогч Анабел Гонзалес арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ цаасгүй худалдаа нь олон улсын худалдааны өртгийн сүлжээг илүү уян хатан, үр ашигтай болгоход чухал нөлөөтэйг онцолжээ.

Уг үйл ажиллагааны үеэр болсон хэлэлцүүлэгт Монгол, Мексик, Филиппин зэрэг улсын төлөөлөгчид зочин илтгэгчээр оролцож, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос боловсруулсан хил дамнасан цаасгүй худалдааг нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээний ач холбогдол, цаасгүй худалдааг зохицуулахад тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, туршлагаасаа хуваалцсан аж. Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг УИХ-ын чуулганы энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны хуралдаанаар соёрхон баталсан. Цаашид уг хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлбэл экспорт, импортын баримт бичгийг цахимжуулах замаар худалдааны зардлыг бууруулах боломж бүрдэх гэнэ.

Бэлтгэсэн Т.Энхбат