Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орхоны хөндийн газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авна

Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв, шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийг уржигдар УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, мэдээлэл сонслоо. Ажлын хэсгийнхэн өнгөрсөн зургадугаар сард Орхоны хөндийд ажилласан бөгөөд одоогоор шинэ хотын суурьшлын бүсийг байгуулахад тохирох газар сонгох ажил үргэлжилж буй гэнэ. Тэдний зүгээс хот байгуулахтай холбоотойгоор түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах, археологийн малтлага, судалгаа хийх, эдийн засаг, аялал жуулчлалын чөлөөт бүс болгох, олон улсад сурталчлан таниулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэхээр ажиллаж байгааг танилцуулав.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал, археологи болон палеонтологийн олдворууд төрийн нийтийн зориулалттай өмч гэж заасан байдаг. УИХ-аас холбогдох шийдвэр гаргасны үндсэн дээр түүх, соёл, археологийн үнэт олдворуудыг ашиглан, захиран зарцуулах ёстой. Олон улсын судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран Орхоны хөндийд хот байгуулах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” гэв. Мөн тэрбээр Орхоны хөндийн газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авах тухай холбогдох тогтоолын төсөл боловсруулах чиглэлийг ажлын хэсгийнхэнд өглөө.

УИХ-ын дарга Г.Занданшатар, тус ажлын хэсгийнхэн болон Бүгд Найрамдах Турк Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, археологич, судлаачдын хамт ирэх долоо хоногт Орхоны хөндийн соёлын дурсгалт газарт ажиллах гэнэ.