-Хэдийгээр хүн бүхэн асуудаг жижүүрийн асуулт боловч эндээс хамгийн сайхан дурсамж, яриа хөвөрдөг болохоор бага нас, нутаг ус, ээж аавын тань тухай дурсамжаар ярилцлагаа эхлэе?
-Би хөдөөгийн хүүхэд. Өөш морин хошуу, Өргөө тавантолгой, Орлой гурванзээрд, Онгон таванбулаг гээд л уул усны нэр нь хүртэл дуу, шүлэг шиг Дарьганга нутагт төрж, өслөө. Хуучнаар Сүхбаатар аймгийн Хонгор, одоогийнхоор Баяндэлгэр суманд тэр үеийн хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил хурга тугалын хошуу эргүүлж, хусам тараг хүртэж, шилб үүр зайдлан давхиж бага нас минь өнгөрсөн. Хонгор сумын бага сургууль, аймгийн дунд сургуулийг дүүр гээд АУДэС-д элссэн. Аав минь А.Сундуй гэж Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошууны хүн. Моринд хорхойтой, үнэтэй хөөрөг, гаанс, хэт хутгаар гоёдог, наймаа панз үсэргэдэг овсгоотой хүн байлаа. Монгол бичгээр уншиж бичдэг, Хонгор суманд адуучин, багийн дарга зэрэг ажил хийж байсан. Ээжийг минь Долгорсүрэн гэдэг. Надад хамгийн хайртай, хамгийн үнэнч хүн миний ээж байлаа. Ээж минь гадаа гарч эр, гэрт орж эм болж явсаар биднийг хүнээс дутахгүй өсгөсөн дөө. Манай өвөг дээдэс гэрийн боловсролтой, монгол, төвд бичигтэй хүмүүс байлаа. Намайг сургуульд орохоос өмнө, тав зургаан настай байхад монгол, төвд бичиг зааж сургасан. Өвлийн шөнийн уртад хонь малаа хотлуулчихаад, хотны хүүхдүүдээ цуглуулж үлгэр домог ярьдагсан. Би сургуульд орохоосоо өмнө “Саран хөхөөний тууж”, “Эрдэнийн сан субашид”, “Ардыг тэжээх рашааны дусал”, “Шидэт хүүрийн үлгэр” зэрэг зохиолыг сонсож өссөн. Энэ бүхэн намайг но монд дурлах эх суурийг тавьж, нүдлэх цээжлэх авьяасыг хөгжүүлсэн болов уу. Би нэг сонссон, уншсан зүйлээ мартдаггүй. Ой тогтоолт маш сайтай хүүхэд байсан. Одоо ч гайгүй.
-Эмч болно гэдэг таны багын мөрөөдөл үү?
-Арван жилд байхдаа эмч болно гэж бод дог хүү байлаа. Цэргийн эмч нарын энгэртээ хаддаг хундага ороосон могойны хэлбэртэй тэмдгийг зүүгээд хичээлдээ явна. Хүүхд үүд “Чи яагаад эмчийн тэмдэг зүүгээд байгаа юм бэ” гэхээр “Би эмч болох юм чинь” гээд тоо доггүйсэн. Анагаахын дээд сургуульд орос хэлээр хи чээл заадаг гэсэн дам яриа сонсчихоод орос хэлийг нэлээн шамдаж үзсэн. Тэгээд шалгалт өгөөд АУДэС-д тэнцсэн. Эрдэмтэй хүн болох ёстой гэж өөртөө тангараглахад хүргэсэн нэг явдлыг энд ярья. Тэр жил манай нутагт цас ихтэй хүйтэн өвөл болж, манайх сумын төвөөс нэлээн зайтай өвөлжиж байлаа. Би сурагчийн амралтаар гэртээ хариад буцах болов. Сумаас аймаг руу “царцаа ногоон”-оор явдаг байлаа. Онгоц өглөө эрт нисэх байсан болохоор шөнө дунд өнгөрөөгөөд ээж бид хоёр тэмээ унаад гарав. Тэр үед аав, ээж хоёр салгуу амьдарч байсан болохоор ар гэр, мал ахуй харах хүнгүй, ээж минь намайг сум руу дөхүүлж өгөөд буцах байсан юм. Жаахан явж байгаад “Та ингээд буц даа. Би ганцаараа явчихаж чадна” гэхэд ээж минь “Үүр шөнийн хагацал хэцүү гэж айхтар үг байдаг юм. Ээж нь үүр манхайтал цайхаар эргэе” гэв. Ингэж явсаар үүр цайж, ээж минь намайг томоотой сайн сурахыг захиж, үнсээд буцлаа. Араас нь харахад тэмээ нь орилоод явж өгөхгүй, ээж минь тэмээгээ байн байн гуядаад гэр рүүгээ яарч байгаа нь илт. Тэгэхэд би ээжийгээ маш их өрөвдөж, эрдэмтэй хүн болоод ээжийгээ баярлуулж, жаргаана гэж өөртөө тангарагласан. Энэ бол миний амьдралын эргэлтийн цэг байсан.
-Оюутан цагийнхаа хамгийн дурсамжтай, гэгээ лэг үеийг дурсаач?
-Их хөдөлгөөнтэй сэргэлэн оюутан байлаа. Юм юм сонирхож явсан нь хожим олон зүйлд хэрэг болсон доо. Оюутан болоод орос хэлний мэдлэгээ илүү гүнзгийрүүлж, англи хэлийг гайгүй сураад авсан. 1975 онд байна уу, даа, хоёрдугаар дамжаанд сурч байхдаа “Онц сурдаг оюутнуудыг англи хэлний дугуйланд бүртгэнэ” гэсэн зарлалыг олж үзээд тэр дугуйланд бүртгүүллээ. Англи хэлний Д.Алтангэрэл багш тэр үед 30 нас хүрсэн үү, үгүй юү гэмээр залуу байсан. Энэ хүнээр гурван жил англи хэл заалгаж, гайгүй ойлгодог, уншдаг, ном, сониноос орчуулга хийдэг. Мөн мэс заслийн дугуйланд явдаг байлаа. Тэр үед хотын дэггүй залуус хөдөөний хүүхдийг айлгаж, мөнгө төгр өгийг нь дээрэмдэх явдал их байлаа. Тэгэхээр нь нударган зодооны дугуйланд орж, богино хугацаанд маш сайн сурсан. Хоёр гуравхан жил хичээллэхэд их, дээд сургуулиудын аварга, залуучуудын аварга болж, спортын мастер цолонд хүрсэн шүү. Дээд сургууль төгсөх үед ээж маань “Зодооноор хичээллэхээр тархи толгой нь мууддаг юм гэнэ билээ, боль хүү минь” гэхээр нь больчихсон.
-Та ажил, амьдралын гараагаа сумаас эхэлсэн гэдэг байх аа?
-АУДэС-ийн эмчилгээний ангийг төгсөөд Сүхбаатар айм гийн Дарьганга суманд оч сон. Сумандаа ажиллаад их зүйл сурсан. Хүн төрүүлж, хүүхэд эх барьж авахаас эхлээд гэмтэл бэртэл, халдварт өвчин гээд бүгдтэй улаан нүүр, нүцгэн гараараа тулна шүү дээ. Суманд жил шахам ажиллаад аймагтаа ирж мэс зас лын тасагт дагалдан эмч болов. Мэс заслын эмчийн хагас жилийн дамжаанд суралцаад 25 настайдаа мэс заслын эмч боллоо. Мэс заслын эмчийн ажилдаа өөрөө дуртай ч гэж жигтэйхэн. Сүхбаатар аймагт ажиллаж байхдаа мэс засал, алсын дуудлага хоёрт их явсан даа. Ёстой ажлын төлөө төрсөн юм шиг л явлаа. Тэр үед хүнийг шагнаж дэмждэг байлаа. Тэрг үүний сэхээтэн залуу алтан медаль, аймгийн хөдөлмөрийн аварга болж байлаа шүү дээ.
-Улаанбаатарт хэзээ шилжиж ирэв. Аймгийн удирдлагууд сайн эмчээ явуулах дургүй байсан биз?
-Аймагтаа таван жил гаруй ажиллаад хотод ирсэн. Аймгийнхан маань на майг явуулахгүй гэж байсан. Гэтэл төрийн шагналт, Ардын их хурлын депутат зүрхний Бундан, Шагдарсүрэн нарын том эмч нар аймагт ирж хагалгаа хийсэн юм. Мэс засал хийхэд нь би жаахан тусалсан юм байлгүй дээ. Бундан гуай “Энэ залуугийн гар нь эвтэйхэн хөдөлдөг юм байна. Зүрхний мэс засалд авъя. Хот руу шилжүүл” гэсэн юм билээ. Ингээд Клиникийн нэгдсэн гуравдугаар эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ирсэн. Улсын хэмжээнд зүрхний мэс заслын ганцхан тасагтай. Бүх аймаг, хотоос өвчтөн ирнэ. Анагаах ухааны хүрээлэн, гуравдугаар эмнэлэг, АУДэС гээд гурван байгууллагын эмч, мэргэжилтнүүд манай тасагт ажилладаг, нэлээн төвөгтэй газар байлаа. Гэтэл хэдхэн сар ажиллуулаад намайг тасгийн эрхлэгчээр тавьчихлаа. Амаргүй байсан. Тэнд хоёр жил гаруй ажилласан даа.
-Та Японд мэргэжил дээшлүүлсэн анхны эмч нарын нэг байх аа?
-Японд сурах аз надад 1980- аад оны сүүлчээр тохиосон юм. Цүкүбагийн их сургуульд хэлний бэлтгэл хийгээд Икашика их сургуульд дүрсийн оношлогоо, хавдар судлалаар сурсан.
-Өндөр хөгжилтэй хөрөнг өтөн оронд очоод гайхаж балмагдсан, хөгжилтэй явдал олон бий биз?
-Энд байхдаа ханзыг нь үзсэн ч ярианы хэл байхгүй болохоор хөглөж л явлаа. Очоод удаагүй байхдаа хүнсээ цуглуулахаар дэлгүүрт орлоо. Ахиухан элсэн чихэр авъя гэж бодож явсан юм. Гэтэл андуураад давс авъя гээд хэлчихэж. Худалдагч нь нэлээн хэдэн кг давс авчирч өгөхөөр нь “давс биш ээ, элсэн чихэр авъя” гэж хэлэх гэтэл хэлний мэдлэг дутаад ич сэндээ аваад гар сан. Бас нэг удаа “Үсчин” гэсэн ханз байхаар нь ортол нэг сайхан хүүхэн толгой угааж, чих ухаж хамрын үс аваад иж бүрэн үйлчилгээ хийлээ. Ийм үйлчилгээ хэрэгг үй, зөвхөн үсээ засуулна гэж хэлэх гэтэл бас хэлний мэдлэг дутаж, төлбөр бага гараасай гэж залбираад сууж байв. Гэтэл жаран долларын төлбөр гарсан. Оюутны үсчинд 10 доллараар үсээ засуулдаг над мэтэд их мөнгө байлгүй яах вэ. Тэр сургуульд Монголоос би ганцаараа байсан болохоор нэг талаасаа хэцүү, нөгөө талаасаа хэл сурахад дөхөмтэй байв. Япон хэл сурах гэж их ч хичээсэн, гайгүй сурсан байх аа.
-Элэгний хорт хавдрыг судсаар хагалгаа хийх шинэ аргаар эмчилж байна гэж нэг хэсэг шуугисан. Энэ аргыг та Японд сурсан уу?
-Тэр үед Японд элэгний хорт хавдрыг судсан зураглалаар тодруулаад, хавдрыг тэжээж буй судсаар нь хавдрын эсрэг бодис шахах, тэжээгч судсыг нь бөглөж, хавдрыг “өлсгөж алах” аргууд гарчихсан байсан. Харин энд бид тэр талаар зүүдлээ ч үгүй байлаа шүү дээ. Японд сурч байхдаа “Энэ аргыг л сурч Монголдоо нэвтрүүлъе” гэж бодсон. -Японд сурсан шинэ аргаа хэрэглэх боломж манайд хэр байв? -Би овоо их юм сурлаа, судсан дотуур хагалгаа хийнэ гэж том юм ярьсаар иртэл манайд тийм мэс засал хийх нөхцөл бүрдээгүй, манай эрүүл мэндийн салбар дэлхийн хөгж лөөс хэдэн арван жилээр хоцорчихсон байсан. Японы талаас 1993 онд манай хүн эмнэлгийн салбарт таван сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн юм. Тэр үед япон хэлтэй эмч цөөхөн байсан болохоор Японы Засгийн газраас “М.Шагдарсүрэнг бидэнтэй ажиллуулаарай. Англи, япон хэлээр ойлголцоход хял бар байдаг” гэсэн бичиг ирүүлсэн юм билээ. Эрүүл мэндийн сайд намайг дуудаж “Японы Засгийн газраас орж ирж байгаа төсөл дээр ажилла” гэв. Ингээд найман аймаг, 40 гаруй сумын эмнэлэгт орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулах ажлыг гардан хийлцсэн хүний нэг нь би.
-АНУ-д хэсэг ажилласан гэсэн үү?
-Японы төслийн ажлыг дуусгаад АНУ руу явсан. Яагаад АНУ руу явахыг дурласан бэ гэвэл, япончууд бүх зүйл дээр америк гэж ярьдаг, тэндээс ном сурах бичиг авчирна, тийшээ сургалтанд явна. Миний үзсэн тэр мундаг Япон улс АНУ-ыг шүтээд байхаар нь тэр улсыг үзчих юмсан гэж бодсон. Тэгээд 1994 онд АНУ-д очиж, хоёр жил шахам сайн дураараа дагалдан эмнэлэгт ажилласан. Сан-Францискогийн эмнэлэг, Калифорнийн их сургуулийн эмнэлэг зэрэг том эмнэлэгт очиж үнэн учраа хэлээд, хавдар судлал, элэг судлал сонирхож байна гээд Японд төгс сөн дипломоо үзүүлэхэд тат галзалгүй ажиллуулдаг байлаа.
-Хувийн эмнэлэг байгуулах санаа хэзээнээс төрөв. Яагаад элгийг “барьж авав”?
-АНУ-аас ирээд л эмнэлгээ байгуулсан даа. Наяад оны сүүлчээр хөрөнгөтөн оронд очоод хувийн эмнэлэгтэй хүн яаж ажилладаг вэ, хувийн эмнэлэг гэж юу юм бэ гэдгийг үзэж мэдсэн хүн чинь хувийн эмнэлэг нээлгүй яах вэ. Би Улаанбаатараас өөр нийслэлд очоогүй, Улаанхуарангаас өөр автобусанд суугаагүй, шинэ цагийн хуучин хүү байсан бол яаж хувийн эмнэлэг байгуулах вэ дээ. Эрээн, Улаан-Үд явж ганзагын наймаа хийгээд, зах зээлийн шуурганд сөхрөх байсан биз. Элэгний өвчлөл монголчуудын дунд хэзээнээсээ их байсан. 1950-1960-аад онд бараг хүн болгон шарлаж, сургууль цэцэрлэгийг эмнэлэг болгож байсан гэдэг шүү дээ. Тэр үед вакцин, олигтой эмчилгээ байгаагүй болохоор сайн эмчлээгүй үлдсэн нь элбэг. Тэр нь элэгний хатуурал, хавдар болж, дорвитой эмчил гээгүй байсаар өнгөрдөг байлаа.
-Энэ эмнэлгийг байгуулснаас хойш хэдэн хүнд амьдрал бэлэглээ бол. Тоог нь гаргав уу?
-Гуурсаар хагалгаа хийсэн хүний тоо 2000 гарсан. Том жижиг мэс заслын эмчилгээг 10 мянга гаруй хүнд хийсэн байна билээ. Элэгний хорт хавдрын судас бөглөх хагалгааны ихэнх нь амжилттай болж шуу гиан тарьсан. Хэтэрхий оройтож ирсэн нь хоёр гурван сар болоод бурхан болох тохиолдол байсан. Манайхан өвчнөө дэндүү хүндэрсэн хойно эмнэлэгт ирдэг нь харамсалтай. Элэгний хавдрын судас бөглөх хагалгаа хийж байхад хавдар нь том болоод судсаа дарчихсан, настай хүн бол судас нь хатуураад сэтгүүр нь явахгүй хэцүү үе олон тохиолддог. Япончууд хавдраа тэгж томруулахгүй. Монголд ирээд Японд үзээгүй юмаа үзэж, өөрийгөө ийм тамын хар тогоонд аваачиж хийдэг яасан үйлтэй хүн бэ гэж бодогдохоор үе гарч байлаа. Тэр үед надад туслах, хэлээд өгөх хүн эрээд олъё гэсэн ч Монголд байгаагүй юм аа.
-Таныг өдий зэрэгтэй явахад гэр бүлийн хүний түшиг их байж таарна. Гэргийнхээ тухай яриач?
-АУДэС төгсөх жилээ эхнэртэйгээ танилцаж, 30 гаруй жил ханилж байна даа. Манай хүн их эмч мэргэжилтэй, нэгдүгээр төрөхөд тасгийн эрхлэгч хийж байсан. Манай хүн их нямбай, ажилсаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд намайг гэр орны ажилд оролцуулаагүй, хааяа дарс сөгнөхөд ганц удаа хорьж цагдаагүй, үзэг, халбага, савхнаас өөр ачаа даахааргүй болтол дэндүү муу зан сургасан “дутагдалтай” хүн дээ. Сайн ханийн ачаар сайхан амьдарч байна. Гэрийн ажлаа яг тэнцүү хувааж хийнэ гээд, талх маханд гүйлгээд байдаг айхтар хүн таарсан бол би 30 боть ном бичиж, энэ олон хүнд хагалгаа хийгээд явж чадах байсан уу, үгүй юу. Манайх гурван хүүхэдтэй. Тэд миний хэлний авьяасыг өвлөсөн. Том охин маань Осакагийн их сургуулийг олон улсын харилцаа, англи, япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн. Дунд хүүгээ зургаан настай байхад би төвд хэл заасан. Бакула Ренбуучигийн сургуульд дөрвөн жил сураад 13 настайдаа Дарамсалад явсан. Сүүлд Японд сурсан. Бага охин хятад хэлтэй. Надтай хамтарч Ли Бай, Ван Вэй нарын сонгодог шүлэг, Тан улсын яруу найраг, Хятадын уламжлалт анагаах ухааны ном орчуулдаг.
-Хэлний авьяас гэснээс таныг их олон хэл мэддэг гэдэг?
-Би морь, тэмээ унасан ч, гэр орондоо байсан ч гадаад үг цээжилж, үглэж бувтнаж явдаг залуу байсан. Орос, англи, япон хэл сурснаа түрүүнд ярьсан шүү дээ. Би япон хэл сурчихаад ханз нь төстэй болохоор хятад хэл оролдсон. Тэгээд хятадын сонгодог яруу найргийг орчуулж, МУИС-ийн Кунзын институтэд сурлаа. Би орос, англи, хятад, төвд, латин хэлнээс цөөнгүй ном орчуулсан. Орчуулж арай барахгүй, эмийн заавар уншихын дайтай бол герман, франц, эсперанто хэлийг гадарлана. Энэ нь миний мундагийнх биш, латин хэлийг сайн сурчихад Европын орнуудын хэлийг сурахад их дөхөмтэй байдаг юм.
-Одоо та эмнэлэгтээ, үзлэг оношлогоо, эмчилгээгээ голчлон хийж байна уу?
-Эмнэлэгтээ ажиллангаа орчуулга, судалгаа, шинжилгээний ажлаа хийж байна. Хүний төлөө нойр хоолгүй явж, цус нөж алдсан, хиймэл амьсгалын аппарат залгасан хүн сахиж, зарим үед шантарч зугатаамаар, заримдаа баярлаж гялаймаар өдрүүдэд залуу сайхан насаа өнгөрөөж дээ. Залуу насанд тэр бүрийг анзаардаггүй байж. Эргээд бодоход ганц өөрийнхөө бус бусдын төлөө амьдарсандаа сэтгэл өег байдаг. Гэхдээ бусдын эрүүл мэндийг хамгаалах гээд өөрийгөө хайхралгүй өнгөрөөж. Цусны даралт, сахар ихэснэ, нойр багадна, хараа муудна. Олон юм бий. Энэ бол дэглэм бариагүй, бие хайргүй явсны “шагнал”.