УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Австралийн Холбооны Улсын Сидней хот, ХБНГУ-ын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газар тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох саналыг Засгийн газраас УИХ-д зөвшилцөхөөр ирүүлсэн бөгөөд холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргах дэгтэй.
ХБНГУ-д 2025 оны байдлаар 9000 монгол иргэн оршин сууж байгаагаас 5300 орчим нь Франкфурт хотын ойролцоох таван мужид амьдарч байгаа аж. Австралийн Холбооны Улсад 2025 оны байдлаар 24 650 гаруй монгол иргэн байгаа нь хилийн чанадад оршин сууж буймонголчуудын тоогоор гуравдугаарт жагсах үзүүлэлт аж.
Франкфурт, Сидней хотод Ерөнхий консулын газар нээснээр ХБНГУ, Австралийн Холбооны Улстай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк, санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой болохыг Б.Батцэцэг сайд танилцуулсан. Мөн Берлин, Канберра дахь Элчин сайдын яамнаас алслагдмал хотуудад амьдарч буй монгол иргэдэд консулын үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлж буйгаараа чухал болохыг тодотгов.
Монгол иргэдийн төвлөрөл ихтэй хотуудад консулын үйлчилгээг хүргэх нь зүйтэй гэдэг байр суурийг гишүүд илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Франкфурт хотноо нээхэд 606 мянга, Сидней хотноо нээхэд 597 мянган ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж тооцсоныгтэмдэглэсэн. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Франкфурт, Сидней хотуудад Ерөнхий консулын газар нээхийг дэмжсэн тул санал, дүнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.
Л.Ням