Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бодит түүх: Залилагч 10 дүртэй, 1000 аргатай

 

Хууль хяналтын байгууллага шалгаж буй, прокурор хянаж байгаа, шүүхүүдийн хэлэлцэх хэргүүдийн багагүй хувийг залилан эзэлж байна. Шүүх хэлэлцүүлгийн явцад гэрчүүд "Шинэ танил нь хамгийн сайхан сэтгэлтэй, тусч, өрөвч, бусдыг нэгдүгээрт, өөрийгөө хоёрдугаарт тавьдаг, итгэл хүлээхүйц нэгэн" байсан гэдгийг нотолдог. Өөрөөр хэлбэл, залилагч бүдрэхэд нь түшиж, өвдөхөд түргэн дуудаж, яарч явахад нь унаагаар үйлчилдэг гээд сахиусан тэнгэрийн дүртэй чих зөөлөнтэй нэгэн байдаг. Улмаар ажил хэрэгч дүр эсгэж, ажил хэргийг нь найдвартай бүтээж, урагшлуулж өгнө хэмээн ам тангараг өргөж, гэрээ контракт ч хийдэг. Үнэн хэрэгтээ залилагч хамгийн хүний үнэргүй, өрөвдөх сэтгэлгүй, адгийн шаар болохыг дараах хэд хэдэн жишээгээр баталъя. Хохирогчийн тухайд залилагчийн үнэн төрхийг мөнгөө, орон байраа, унаа тэрэг гээд бүхнээ алдсаныхаа дараа л мэддэг. Намар, улирлаа дагаад орон сууц түрээсийн сезон эхлээд байна. Хөдөөгийн оюутнууд ирсэн. Зарим оюутны аав, ээж хүүхдээ дагаж, хотод өвөлжихөөр ирсэн байгаа. Сургууль цэцэрлэг гэлтгүй, ажил эхэлдэг, бүр ундардаг улирал. Тиймээс ажил амжуулах гэсэн явуулын хүн гадаад дотоодоос ирж хотод түр суурьшиж эхэлдэг. Гэр хорооллынхон хүртэл өвлийг аятай тухтай өнгөрүүлчих санаатай байр хайдаг шүү дээ. Үүнийг олж харсан залилагч цахим орчинд “Мөнгө зээлж, хүүнд нь байранд үнэгүй суулгана” гэх зар тарааж эхэлдэг. Мэдээж тэд гэрээ хийж, итгэл төрүүлдэг. Бүр баталгаатай болгохын тулд өөрөө эхлээд багахан мөнгө зарж, байр түрээсэлж, 1-2 сарынх нь төлбөрийг хийдэг. Танд гэрээ бий юү бий. Та орон сууцдаа орсон уу орсон. Тиймээс иргэд залилагчид мөнгөө өгдөг. Мөн залилагч мөнгө зээлэхгүй байж болно. Гэхдээ байрны түрээсийг 1-2 сараар төлсөн хэр нь танаас багадаа нэг жилийн түрээсийн төлбөр авах болно. Ингэж тэд хэрэгцээ шаардлагад нь тулгуурлаж иргэдийг залилан мэхэлдэг. Өдгөө орон сууцны үнэ тэнгэрт хадсан. Залилагч үүнд дөрөөлөн Төрийн орон сууцын корпорац Нийслэлийн орон сууцын корпорацын менежерийн дүрд тогложээ. Ер нь бол Төрийн орон сууцын корпорацын захирлын багын найз, худ ургийн холбоотой, сайн найзынх нь аав гээд хэний дүрд хувирч болж болно. Гол нь таныг итгүүлэх нь чухал. Мэдээж иргэд үүнд нь итгэнэ. Нийслэлийн орон сууцын корпорацын “менежерт” итгэсэн 113 иргэн өнөөдөр гуравхан луйварчинд 10 гаруй тэрбум төгрөгөө алдчихаад цагдаа, шүүх болоод явж буй. Хэргийн эзэн олдсон ч алдсан хүн арван тамтай гэдэг шиг хохирогчид өдөр болгон шүүх, цагдаагийн хаалга татаж, гэрчийн мэдүүлэг өгч явна. Барилга, орон сууцтай холбоотой залилан цаашлаад барилгын бараа бүтээгдэхүүн дээр ч гарч буй. Наад захын жишээ хэлье л дээ. Барилгын материалын үнэ өссөнийг далимдуулан арматур төмөр нийлүүлнэ хэмээн гэрээ байгуулаад бусдаас хэдэн зуун сая төгрөг авсан хэд хэдэн хэргийг цагдаа нар шалгаж байна.

Залилагч дэлхийн хаанаас ч тантай харилцаж болно. АНУ-аас, Англиас, Италиас гээд аль ч орноос тантай яаж ийгээд холбоо барьдаг. Тэдний зарим нь  АНУ-ын усан цэргийн түрүүч, их хэмжээний өв хөрөнгө залгамжилж авсан, гэнэн бацааны дүрээр тантай танилцана. Дотносно, гэрлэнэ гэж амлана. Харин та үүнд итгэж АНУ-ын усан цэргийн түрүүчийн тусгай ажиллагаанаас авсан мөнгө, өв залгамжлагч “ханхүү”-гийн хөрөнгийг өөрийн дансандаа хүлээж авахын тулд шимтгэл төлнө. Мэдээж таны дансанд тусгай ажиллагаанаас “хуссан” сая сая ам.доллар хэзээ ч орж ирэхгүй. Та хохирсноо мэдээд хэргийг илрүүлсэн байлаа ч гадаадаас таны мөнгийг татаж чадахгүй, та мөнгөндөө үүрд баяртай гэж хэлэхээс өөр аргагүй. Гэрлэлтийн тухайд бол март. Гадаадад амьдардаг хэн нэг мөнгөтэй баян тив алгасаж ирээд танихгүй хүнтэй гэрлэдэг савангийн дууль кино зохиолд л гардаг байх. Сүүлийн үед цахим аюулгүй байдал хурцаар яригдаж буй. Таны эргэн тойрны хүмүүс фейсбүүк хаягийнхаа нууц үгийг алдсан талаар сонсож л байх. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн танилын чинь, ах дүүгийн чинь хаягаар нэвтэрч ороод танаас, өөр бусдаас мөнгө гуйж, залилсан хэргийн талаар яриад байгаа юм. Энэ төрлийн залилангийн маш олон хэргийг цагдаагийнхан илрүүлсэн. Залилагч нь зүгээр л амар хялбар аргаар амьдрах гэсэн оюутан залуу, эсвэл мөрийтэй тоглоомд донтсон хэн нэгэн байдаг. Нэмж анхааруулахад цахим залиланд томоохон үйл ажиллагаа явуулдаг, хуульчтай компаниуд ч өртдөг. Компани их хэмжээний мөнгөө алдсан хэд хэдэн хэргийг цагдаагийнхан шалгаж буйг олон нийтийн мэдээллийг хэрэгслээс уншиж л байсан биз дээ. Монголд толгойтой бүхэн гадагшаа явахыг мөрөөдөх болсон. За тэгвэл толгой дараалаад залилууллаа гэх өргөдлийг цагдаагийн байгууллагад өгч эхэлжээ. Энэ хэрэгт холбогдсон нэг л залилагч гэхэд бусдаас 625 сая төгрөг луйвардсан байх жишээтэй. Ер нь төрийн албанд ажиллаж байгаад гарсан мэргэжилтэн ч энэ төрлийн хэрэгт холбогдсон байдаг. Тиймээс төрийн албанд ажилладаг, ажиллаж байсан гээд итгэж болно гэсэн үг биш юм.

Манай иргэд “Жи тайм” сүлжээнд элсээд хэрхэн баларсныг бид бүгдээрээ мэднэ тээ. Энэ асуудлыг цагдаа шүүхээр эцэслэн шийдэж чадсан ч хохирогчид мөнгөө аваагүй хэвээрээ л байгаа. Тэгвэл бид “Жи тайм”-аас шал өөр компаниуд гэж хэлээд бусдыг залилсан маш олон хэргийг цагдаагийнхан шалгаж байна. Мэдээж эл хэргүүд прокурор шүүх дамжиж шийдэгдлээ ч хохирогч мөнгөө буцааж авах нь юу л бол. Тэдний ярьсан шиг АНУ-ын алдартай компани пирамид хэлбэрийн луйварт хөрөнгө оруулна, тэр дундаа эрсдэлийн сан байгуулж, алдагдал хүлээнэ гэдэг үлгэр. За тэгээд та зүгээр сууж байгаад гадаадаас ногдол ашиг авна гэж хэзээ ч байхгүй. Эсрэгээрээ пирамид хэлбэрээр иргэдээс мөнгө татсан хэргээр аавын хаалга татаж мэднэ. Энэ хувилбар харин үнэнд ойр гэдгийг анхааруулъя. Халамж хүртэх гээд хамраараа газар хатгасан тохиолдол олон байна. Залилагчид халамжийн мөнгөнд хамруулна, хүнсний эрхийн бичигт бүртгүүлж өгнө, группт оруулж өгнө гэх зэргээр цөөнгүй хүнийг залилж, багадаа 300, 400 сая төгрөг завшжээ. Яг үнэндээ халамжийн мөнгө авах шалгуурт багтсан л бол өөрөө бичиг баримт бүрдүүлээд хороондоо хандахад л болно. Аа харин хуурамчаар бичиг баримт бүрдүүлж халамжид хамрагдана хэмээн бодож байгаа бол өөрөө гүйж очоод залилагчийн хавханд орж байгаа л хэрэг. Дээр залилагч 10 дүртэй гэж бичсэн. Үнэн хэрэгтээ залилагч хамгийн хүний үнэргүй, өрөвдөх сэтгэлгүй, адгийн шаар байдгийг энэ жишээнээс харж болно. Иргэн Ж нь “Баярмаа”, “Баяржавхлан” , “Гантунгалаг” , “Тэмүүжин” гэх нэртэй хуурамч цахим хаягууд нээж, фейсбүүк олон нийтийн сүлжээнд бусдын зургийг байршуулж, өвчтэй хүүхдийн эмчилгээнд хандив өгөхийг уриалан, 588 хохирогчоос 280 сая төгрөгийг залилсан нь тогтоогдсон. Сүүлийн үед энэ төрлийн залилан өсөх хандлагатай байгааг өмгөөлөгч нар хэлнэ лээ. Цагдаагийнхан койн бол залилан хэмээн анхааруулаад л байдаг. Харин манай иргэд хууртсаар. Гол нь койны арилжааг ид тренд болж буй ашигтай бизнес гээд итгэчихсэнд л хамаг учир байгаа юм. Харамсалтай нь, койн, крипто валют бол бизнес биш залилан. Тухайлбал, иргэн Х нь койны арилжаанд оролцох, койны арилжааг хэрхэн хийж, яаж мөнгөжих талаар хуурамч сайт буюу хуурамч арилжааны сайт нээж, иргэдээс 250 сая төгрөг залилж, гадаад улс руу шилжүүлэн авч залилсан хэрэг гарсныг цагдаа нар яг одоо шалгаж байна. Залилагчид машины худалдаачин, онлайн бизнес эрхлэгч, ачтан гээд энэ мэтчилэн хэн ч болж хувирч чадна. Тэд иргэдийн өвчин зовлон, эмзэг байдалд дөрөөлөн, огтхон ч эргэлзэлгүйгээр таны хамаг байдгийг нь хуу хамж аваад арилж өгдөг. За тэгээд хэлээд, бичээд, анхааруулаад байхад хямд машин, байр авах гээд, ажил хийхгүйгээр мөнгө олох гээд байгаа цөөн төгрөгөө луйварчинд урьдчилгаа болгоод шилжүүлчхэв ээ. Цаад луйварчин чинь яг дээрх аргаа өөр нэгэнд ашиглаад таван цаасыг авах гээд ятгаж суугаад итгэж болно шүү.