Төр, нийгмийн зүтгэлтэн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Тэр цагаас хойш энэ жил 24 дэх намартайгаа золгож буй ч хэрэг илрээгүй. 24 жилийн тэртээх намрын тэр бүүдгэр өдөр Монголын үндэсний радиогоор энэ цуст аллагын тухай мэдээлж, гашуудлын хөгжим эгшиглэж байв.
Төв талбайд иргэд харамссан сэтгэлийн дуудлагаар цугларч, эрх баригчид энэ бол улс төрийн захиалгат хэрэг, хэрэгтнийг илрүүлэх болно хэмээн ард түмэндээ амлаж байв. Гэвч 24 жил өнгөрөхөд хэрэг илрээгүй.
Энэ намрын анхны цас бударсан өглөө Хөдөлмөрийн үндэсний намынхан С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ.