ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хошин урлагийн жүжигчдийг "Алиалагчид" гэж нийгмийн сүлжээнд бичсэн. Эл асуудалтай холбогдуулан хошин урлагийн жүжигчид П.Сайнзоригийг уучлалт гуйхыг шаардаж, ХЗДХЯ-ны гадаа жагслаа.
Энэ үеэр МУГЖ Н.Онон "Ардчилсан Монгол. Хүн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Шүүмжилж болно. Гэхдээ төр төлөөлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга хүн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Иймээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна. Бид алиа салбадайгийн аав, ээж, эхнэр, нөхөр гэж гэр бүлээ хэлүүлмээргүй байна. Тэр шагнал энэ тэр асуудлаа үе үеийн Ерөнхийлөгчтэйгээ ярь. Бид нар шагнал авъя гээд гуйгаад гүйсэн юм уу? Төрийн ажлыг сошиалаар хийхээ болих хэрэгтэй. Хийх ажил нь багадаад байгаа юм уу. Энэ хүн өөрөө төгс хүн юмуу гэдгийг орж асуух гээд ирлээ. Төр нь ард иргэдээ ажил мэргэжлээр нь доромжлоод байж болох юм уу? Шат шатны байгууллагаар дамжин чанагдаж байж төрийн өндөр албан тушаалд очих ёстой. Миний дүү байсан бол үсэртэл нь алгадмаар байна " гэсэн юм.