Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх сайд, шат шатны Засаг дарга нарт даалгав. Мөн төр, иргэний нийгмийн түншлэлийн үзэл баримтлалын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгаалын сайд Х.Булгантуяа нарт үүрэг болголоо. Түүнчлэн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөр”-ийг батлуулах арга хэмжээ авахыг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунанд зөвлөж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгав.
Энэ талаар мэдээлэл өгсөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Ерөнхий сайд хүний эрхийн байгууллагынхантай өнгөрсөн даваа гарагт хийсэн уулзалтын дараа хэд хэдэн чиглэл өгсөн. Тухайлбал, манай улс 2003 онд НҮБ-тай хамтран хүний эрхийг хамгаалах байдлын талаар ерөнхий үнэлгээ хийлгэж байсан юм. Энэ үнэлгээг дахин хийлгэх чиглэлээр судлахыг даалгасан. Түүнчлэн хууль, эрх зүйн орчин дахь хүний эрхийн зөрчлийг илрүүлж, шаардлагатай хууль тогтоомжийг шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хүний эрхийг хангах үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн төслийг бичиж, боловсруулахаас эхэлдэг байх учиртай” хэмээн онцлов.
Мөн тэрбээр “Шүүр” ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. Энэ ажиллагааны хүрээнд төрийн 3000 гаруй байгууллагаас1343 нь мэдээлэл ирүүлжээ. Үүнээс 183 байгууллага ямар нэгэн зөрчилгүй, 1163 нь ямар нэгэн зөрчил, асуудалтай байгаа аж. Одоогоор “Шүүр” ажиллагаагаар чөлөөлсөн 187, сахилгын арга хэмжээ авсан 27, зөрчлийг арилгуулсан 172 албан тушаалтан бий гэнэ.